2011-1-5
Цэцэгсийн нууц /Цэцэг бүхэн өөр өөрийн бэлгэдэл, арчилгаатай байдаг. /



Цэцэг бүхэн өөр өөрийн бэлгэдэл, арчилгаатай байдаг. Цэцгийн бэлгэдэл, арчилгааны талаар “Соёолж” ХХК-ийн зохион байгуулагч Г.Болорчимэгийн зөвлөгөөг хүргэж байна.
Цахирмаа айлд зӨв энерги авЧирдаг
Цэцгийн хаан гэгдэх цахирмааг сүүлийн үед их тарих болжээ. Өндөр ишнээс чамин хэлбэртэй цагаан, цайвар ягаан, гүн ягаан, шар өнгийн цэцэг гарна. Цэцэг нь зургаан сар болоод цэцэглэнэ. Цахирмаа цэцгийг айлд байхад зөв энергитэй гэдэг. Бас эмэгтэйчүүдийн гоо сайхныг цахирмаа цэцгээр төлөөлүүлэх нь бий. Арчилгааны тухайд цахирмаа цэцэг нь хөвдөн хөрсөнд ургадаг байна. Чийгийг маш хурдан шингээдэг болохоор усалгаа их чухал. Хөрсийг нь байнга чийгтэй байлгах хэрэгтэй. Цахирмаа цэцгийн цэцэг нь унахаар иш нь шарлаж үхдэг. Иш нь шарлаж эхлэнгүүт доороос нь нэг үе үлдээж ташуу хэлбэртэй тайрч, харанхуй газарт тодорхой хугацаанд тавина. Ингэсний дараа цахирмаа цэцэг дахин цэцэглэдэг байна.

Завсрын ӨнгӨтэй сарнай тасалгааг ЧийгшҮҮлэх ҮҮрэгтэй
Сарнай цэцгийг мэдэхгүй хүн үгүй. Гэхдээ өнгө бүр нь өөр өөр бэлгэдэлтэй. Час улаан сарнай хайр дурлалын бэлгэдэл бол цагаан нь хүндэтгэлийн илэрхийлэл. Шар сарнай нь эрдэм, оюун ухааных бол ягаан нь эрүүл энхийг бэлгэддэг байна.Завсарын өнгөтэй сарнай цэцгийг хэн нэгэнд дурсгах бус харин тасалгааны агаарыг цэвэршүүлэх зорилгоор тарьдаг. Дэлхий дээр сарнай цэцгийн 60 орчим төрөл байдаг. Харин “Соёолж” компанийн тухайд Монголд анх удаа Голланд сарнайг оруулж ирсэн байна. Эрүүл энх, аз жаргалын бэлгэдэл Голланд сарнай нь дотроо том, жижиг гэсэн хоёр төрөлтэй. Том нь нэг метр хүртэл өндөр ургадаг аж. Сарнай цэцэглэлт ихтэй бөгөөд төрлөөсөө хамаарч өвөл цэцэглэх нь ч бий. Сарнай цэцгийг услахдаа хамгийн гол нь хөрсний чийгийг нь харна. Хөрс хуурайшсан бол усалгаа хийнэ гэсэн үг. Мөн навчны тоосыг байнга арчих хэрэгтэй. Зундаа 14 хоногт нэг удаа бордоо хэрэглэдэг. Голланд сарнайн тухайд цэцэг нь унасны дараа тайралт хийх шаардлагатай. Тайралтыг хийхдээ гол ишнээс нь салаалсан мөчрийг таван ширхэгийг үлдээхээр тооцон хийдэг. Тайралтыг зөв хийвэл дараагийн цэцэглэлт хурдан явагддаг байна.

Аз жаргал дуудагЧ АзаалиЯ
Аз жаргалын бэлгэдэл бол азаалия цэцэг. Бутлаг ургамалд ордог. Гуравдугаар сар гарснаас хойш цэцэглэж эхэлдэг. Нэг цэцэглэхдээ 16-гаас дээш цэцэг гарна. Цэцгийн өнгө нь ягаан, цайвар ягаан, цагаан байна. Олон цэцэг нэгэн зэрэг цэцэглэдэг болохоор тухайн айлд аз жаргал, сайн сайхныг авчирдаг гэж үздэг. Зарим тохиолдолд зунжингаа цэцэгтэй байх нь бий. Аз жаргалын энэхүү цэцэг маань усалгаа авах тун дуртай. Хөрсний чийгийг харж байж усалгааг хийнэ. Мөн навчийг дороос нь шүршиж услах хэрэгтэй. Мэдээж аз жаргалын цэцгээ цэцэглүүлье гэвэл тохирсон бордоог нь хэрэглээрэй.

Халбаган кактус цахилгаан хэрэгслийн хорыг шингээдэггҮй
Кактус цэцгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Цахилгаан хэрэгслээс ялгарч байгаа хорыг шингээдэг учраас тэр. Элсэрхэг хөрсөнд ургана. 7-14 хоногт нэг удаа усалгаа шаардана. Услахдаа хөрсийг сийрэгжүүлж өгөх нь чухал. Кактус дотроос халбаган кактусыг мөнгө дуудагч хэмээдэг. Зузаан навчтай халбаган кактусыг зарим хүн зузаахай цэцэгтэй андуурах нь бий. Яагаад гэвэл хоёулаа адилхан зузаан ногоон навчтай байдаг. Ялгаа нь гэвэл халбаган кактус хэзээ ч цэцэглэдэггүй. Харин зузаахай цэцэг бол цэцэглэдэг. Мөнгөний кактусын тухайд хар шороо, элстэй хөрсөнд ургана. Долоо хоногт 1-2 удаа усалгаа шаардана. Халбаган кактус бусад кактусаас эрс ялгаатай. Тэр нь эл мөнгөний цэцэг цахилгаан хэрэгслийн хорыг өөртөө шингээдэггүй. Харин ч цахилгаан хэрэгслийн дэргэдээс хол, сүүдэр газарт ургадаг байна.

Товрууш аз жаргал авЧирна
Нарийхан ишин дээр олон салаалан ургасан навчтай товрууш модыг айл гэрт аз жаргал авчирдаг хэмээн бэлгэшээдэг. Хоёр метр гаруй өндөр ургадаг модлог, навчит эл ургамлын навч нь цэг шиг хэлбэртэй гарч байгаад дэлбээлдэг. Аз жаргалын модыг арчлахад усалгаа их чухал. Усалгаа дутахаар эл мод навчаа тэр дор нь хумичихдаг байна. Услахдаа хөрсөнд чийг байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Чийгтэй хөрсийг услах нь цэцгийн үндсийг амархан ялзруулдаг байна. Зуны цагт навч руу нь шүршиж услах хэрэгтэй. Мөн сүүдэр газарт ургах дуртай аж.

МӨнхрӨӨ ургалт хурдантай
Иш гэж байхгүй. Хөрснөөсөө нарийхан шулуун навч ургадаг, ногоон шар өнгө хосолсон мөнхрөө цэцгийг солонгос, япончууд ургуулах тун дуртай. Яагаад гэвэл эл цэцэг нь эрүүл энхийг бэлгэддэг. Агаарыг чийгшүүлэхдээ хамгийн сайн мөнхрөө цэцгийг унтлагын болон зочны өрөөндөө байрлуулдаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй, ургалт хурдан учраас үндсээр нь авч салгаж болдог. Элс, хар шорооны холимог хөрсөнд ургадаг. 14 хоног бүр навчны тоосыг чийгтэй алчуураар арчиж байх ёстой. Ерөнхийдөө усалгааг зөв хийвэл ургах нь хурдан цэцэг.

Цэцгийн бӨӨсийг савантай алЧуураар арЧиж арилгаарай
Гэртээ ч тэр, албан газраа ч тэр сайхан орчин бүрдүүлэхэд цэцэг хамгийн гол үүрэгтэй. Гэхдээ ургуулахад багагүй хөдөлмөр зарцуулна. Цэцэг хүртэл өвчин тусдаг учраас арчилгаа чухал. Усалгааг л гэхэд хөрсний чийгийг харж байж хийнэ. Ингэхгүй ойр ойрхон услах нь хөрсийг ялзруулдаг. Услахдаа хөрсийг нь сийрэгжүүлж байх учиртай. Сийрэгжүүлт сайн хийхгүй бол хөрс нь дагтаршиж, чийг цэцгийн үндсэнд хүрдэггүй байна. Буруу арчилгаанаас бол цэцэг амархан бөөстөж, хар ялаанд шавуулдаг. Халуун, хүйтэн харшилснаас болж цэцэг бөөстэй болно. Цэцгийн бөөсийг арилгах нь тийм ч хэцүү биш. Барааны савантай уусмалаар навчны доод талыг нь арчдаг.
Учир нь цэцгийн бөөс навчны доор голчлон амьдардаг. Хоёр цагийн дараа алчуураа цэвэр усаар угааж навчийг арчина. Бас нэг арга нь шүршүүрийн бүлээн усаар цэцгийг угааж болно. Ингэхдээ навч бүрийг нь угаана. Цэцгэн дээр жижигхэн хар ялаа шавчихсан байдаг. Энэ нь усалгаа буруу хийгдсэнээс болдог. Өөрөөр хэлбэл хөрс хэт их чийгтэй байх нь хар ялааны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Сармисыг жижиглэн хэрчээд бага зэрэг ус хийж, цэцгийн хажууд тавина.
Сармисны үнэрээр хар ялаа алга болдог байна. Арчилгаа, агаараас шалтгаалж цэцэг хачиг, мөөгөнцөр, цагаан өтөнд бариулдаг. Энэ нь цэцгийн нэлээд хүнд хэлбэрийн өвчин учраас мэргэжлийн хүний зөвлөгөөг авч, эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчилэхгүй бол цэцэг үхдэг байна.source: gerahui.dayar.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 04:23 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant