2011-12-7
АРЬСНЫ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨД...




АРЬСНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

 Мэдээлэл

Байгаль эхээс заяасан гоо үзэсгэлэнгээ хадгалж, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун, өөдрөг алхахын тулд хүн өөрөө багагүй хичээж, хувийн ариун цэвэр, соёлдоо анхаарал тавьж, арьсаа хамгаалж байх хэрэгтэй. Арьс бол хүний бие махбодын хамгийн амин чухал, том эрхтэн. Арьс нь хүний нүдэнд үргэлж ил харагдаж байдгаас гадна тухайн хүний эрүүл мэнд, аж байдлыг өгүүлдэг, гадаад төрхийн нэг илрэл юм.

Бидний арьс гадаад болон дотоод гэсэн хоёр давхаргатай байдаг. Гаднах давхаргыг эпидермис, харин дотоод давхаргыг нь дермис гэж нэрлэдэг байна.

Эпидермис нь эсийн олон давхаргаас бүрддэг. Доороос шинэ давхарга үүсэх бүрт арьсны гаднах давхарга гуужин унаж байдаг байна. Энэ үйл явц насан турш явагддаг. Ингэснээр өдөр бүр бидний биед олон мянган үхмэл эсүүд үүсч, 28 өдөр тутам арьс дахин сэргээгдэж,  шинэчлэгдэж байдаг байна.

Хамгийн доод давхаргын эсүүд меланин гэдэг нөсөөт бодис үүсгэдэг. Тухайн хүн бор, шар, цагаан арьстай байх нь меланинаас хамаардаг байна. Учир нь энэ бодис арьсны өнгийг тодорхойлдог юм байна. Харин меланины бөөгнөрөл нь мэнгэ, сэвхийг үүсгэдэг байна. Ихэнх мэнгэ хоргүй боловч заримдаа томорч, өнгө нь өөрчлөгдөж, үс ургадаг.

 

Анхааруулга

Мэнгийг өөрөө дур мэдэн оролдож болохгүй. Санамсаргүй үйлдлээс болж мэнгэнээс цус гарвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

 

Зөвлөгчийн булан

Сүүлийн үед зарим гоо сайхны салон мэнгэ авах үйлчилгээ үзүүлж байгаа. Та бүхэн энэ үйлчилгээнд болгоомжтой хандах хэрэгтэй. Мэнгээ авахуулах сонирхолтой хүн эмчид үзүүлж,, зөвлөгөө авч байж шийдвэрээ гаргах нь зүйтэй.  Мэнгэ авахуулснаас арьсан дээр гялалзсан цагаан сорви үлдэх тохиолдол байдаг юм шүү.

 

Сэвх:

Нар салхинд хамгаалалтгүй байх, Витамин дутагдах, Хоол боловсруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орох (элэг, цөс, ходоод өвдөх),  Эмэгтэйчүүдийн өвчтэй (өндгөвч үрэвсэлтэй г.м.) хүмүүст ихэвчлэн гардаг.

 

 

Анхааруулга

Наранд удаан байх, түлэгдэх нь арьсыг нөсөө, сэвхтэй болгоод зогсохгүй арьсанд хүнд гэмтэл үүсгэдэг. Энэ нь арьсыг   хуурайшуулж, үрчийлгэж, хөгшрүүлдгээс гадна арьсны хавдар үүсэх аюулд хүргэдэг.

 

Зөвлөгчийн булан

Сэвхийг зөвхөн гоо сайханд очиж хуулуулах, тос түрхэж арилгах биш, харин юунаас үүдэлтэй гарсныг нь тогтоолгож, дотроосоо эм ууж, эмчилгээ давхар хийлгэх хэрэгтэй. Мөн хурц нарнаас арьсаа хамгаалах (нартай өдөр нарнаас хагаалах тос түрхэх, боровтор өнгийн энгэсэг тавих, том хүрээтэй малгай өмсөх), хурц өөх тостой хоол идэхгүй байх нь чухал.

Дермис хэмээх арьсны дотоод давхарга нь маш зузаан байдаг. Энд цусны судаснууд, мэдрэлийн төгсгөлүүд, үсний угнууд зэрэг бүтцүүдээс гадна тосны болон хөлсний булчирхай байдаг байна. Тосны булчирхай нь арьсыг зөөлөн байлгах, мөн уснаас хамгаалах тосыг ялгаруулдаг үүрэгтэй. Хөлсний булчирхай гэдэг нь биеийн ялгадас, усыг агуулдаг жижиг уутанцарууд юм. Тэдгээр нь арьсанд байх жижиг нүхээр гадагшаа холбогдож  хөлсийг  гаргаснаар арьсыг хөргөх үүрэг гүйцэтгэдэг байна. Өсвөр насанд хөлсний булчирхайн үйл ажиллагаа идэвхждэг тул усанд тогтмол орох зайлшгүй хэрэгтэй. Учир нь суга, хөл, цавьны хэсэгт хөлс хуримтлагдан нян үржих нөхцөлийг хангадаг. Нян үржсэн биеийн хэсгээс муухай үнэр гарч, тухайн хүнийг эвгүй байдалд оруулдаг байна.

Мөн тосны булчирхайнааас ялгардаг тослог зүйл нь  арьсны нүхийг бөглөж хар, цагаан толгойтой болон идээт батгыг үүсгэх шалтгаан болдог.

 

Арьсны гүйцэтгэх үүрэг

Борооны цув мэт уснаас хамгаална.         

Өвчин үүсгэгч нянгаас хамгаална.

Биеийн дулааныг тохируулахад     оролцоно.   

Наранд хэт халах, хүйтэнд даарахаас хамгаална.         

Арьс мэдрэлийн төгсгөлөөр дүүрэн байдаг тул гадны хүчинд хариу урвал үзүүлнэ.

Бусад эрхтнүүдтэй харьцуулахад арьс ил байдаг тул хамгийн амархан бохирдож, гадны нөлөөнд автагдаж, гэмтэж, өвчилдөг. Иймд арьсандаа анхаарал тавьж,  өдөр бүр арчилж, цэвэр байлгаж, гадны элдэв зүйлээс хамгаалж байх ёстой.

 

АРЬСНЫ ОНЦЛОГ, ХЭВ ШИНЖ

 

Мэдээлэл

Та бүхэнд толинд нүүрний арьсаа анхааралтай ажиглан хараарай. Хувь хүн ажиглалт, мэдрэмжээрээ арьсны онцлогоо тодорхойлж болох боловч мэрэгжлийн хүнд хандан, зөвөлгөө авах нь илүү болов уу. Хүний арьсыг:

хэвийнтослогхуурайхолимог

гэж ерөнхийд нь ангилж болно. Мэргэжлийн хүмүүс эдгээр дотор нь бүр нарийвчлан ангилж үздэг байна. Мөн арьсны өнгөөр нь ч бор, шар, цагаан, улаан, хар гэх мэт ялгадаг.

 

Цаг агаар, амьдарч буй орчин, ажлын нөхцөл, хэрэглэж байгаа гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүн, хоол хүнс, эрүүл мэндийн байдал, нас болон бусад нөхцөл байдлаас хамаарч бидний арьсанд өөрчлөлт орж байдаг. Иймд нэг удаа арьсны онцлогоо тодорхойлуулах нь хангалтгүй юм.

 

Анхааруулга

Арьсаа байнга ажиглаж, анхаарч, мэргэжлийн хүнд тогтмол хандаж, үзүүлж байх хэрэгтэй.

 

Хэвийн арьс

Энгийн нүдээр харахад туяа татсан өнгөлөг, цэвэр, уян хатан, бага зэрэг тос болон чийг даасан. Арьсны сүвүүд үл ажиглагдам байдаг. Ийм арьстай хүнд ихэнх гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд онцгой цочрол өгдөггүй, арьс нь өөрөө гадны хортой нөлөөг эсэргүүцэх чадвартай байдаг. Хэвийн арьс нь сайн арьсанд тооцогдох бөгөөд уг онцлогийг хадгалж байх арчилгаа сайн хийж байх шаардлагатай байдаг. Витамин, янз бүрийн эмийн ургамлын ханд хэрэглэж байх нь зүйтэй.

 

Тослог арьс

Ерөнхийдөө тос даасан харагддаг. Хамрын самсааны орчим, эрүүний хонхор, дух орчмыг арчихад тос мэдрэгдэнэ.  Тослог арьс бохирдохдоо амархан байдаг тул байнга цэвэрлэж байх шаардлагатай. Ийм арьстай хүмүүсийн нүүрэн дээр батга гарах, хөлсний суваг үрэвсэж идээт зүйл гарах нь элбэг тохиолддог. Арчлахдаа хатаах, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх, хэт шүлтлэг биш саван, спирт болон нимбэгний хүчлийн найрлагатай нүүр цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй. Тослог арьстай хүмүүс гоо сайхны салбаруудад хандан уураар утах, цэвэрлэх маск тавиулж байх нь зүйтэй.

 

Хуурай арьс

Уян хатан чанар нь алдагдсан, үүрчлээс үүссэн, холцруутсан, гадны нөлөөнд өртөмтгий, амархан цочромтгой, эмзэг, ихэвчлэн гандуу өнгөтэй байдаг. Арьс улаах, тууралт гарах, хорсох зэрэг үзэгдэл ажиглагддаг. Арьс хуурайших нь булчирхайн үйл ажиллагааны доголдол, буруу арчилгаа, ходоодны үрэвсэл, антибиотик хэт хэрэглэх, мэдрэлийн системийн өөрчлөлт, буруу хооллолт, орчин зэргээс болдог. Ийм учраас хэт хурц, тос ихтэй хоол идэх, архи тамхи хэрэглэх, нар салхинд удаан байхаас сэрэмжлэх хэрэгтэй. Хуурай арьсыг зөөлөн, нэрмэл усаар угааж, сүүн шингэнээр цэвэрлэж, хуурай арьсанд зориулсан гоо сайхан болон ариун цэврийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй.

 

Холимог арьс

Хамрын самсаа, эрүү, дух хавиар тослог, нүүрний бусад хэсгээр хуурайшсан байдаг. Ийм арьсыг арчлах хамгийн төвөгтэй. Тослог болон хуурай арьсыг арчлах аргууд, тэдгээр арьсанд зориулсан  гоо сайхан болон ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг хослуулан хэрэглэх шаардлагатай болдог.

 

 

Анхааруулга

Өөрийн арьсны онцлогт тохируулан гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй.

 

 

Зөвлөгчийн булан

Гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнийг нь харж бус, бүтээгдэхүүний хайрцаг, саван дээр бичсэн зааврыг анхааралтай уншиж сонгоорой. Бидний байнга хэрэглэдэг нүүр гарын саван, нүүрэнд зориулсан тос, нүүр цэвэрлэгч шингэн зэргийн баглаа, боодол дээр ямар төрлийн арьсанд хэрэглэж болохыг бичсэн байдаг. Тухайлбал, нүүр гарын саван хуурай, тослог, хэвийн, мэдрэмтгий арьсанд зориулсан гэж байдгаас гадна хүүхдэд, зориулсан, бактерийн эсрэг гэх мэтээр ангилж  өгсөн байдаг. Тос нь  хүүхдэд, өсвөр насныханд, эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан гэж байхаас гадна нүүрний, зовхиных, гарын, биеийн, хөлийн гэж байдаг.  Нүүрний тос нь дотроо өдөр, шөнийх, тэжээлийн, цайруулах, арьс чангаруулах, үрчлээний эсрэг, эмзэг, хуурай, тослог, холимог, хэвийн арьсных гэж хуваагддаг. Та гоо сайхны болон ариун цэврийн бүтээгдэхүүн худалдан авахдаа зааврыг харахаас гадна хугацааг анхаарч байгаарай. Учир нь хугацаа дууссан болон буруу хадгалагдсан бүтээгдэхүүн таны арьсанд үйлчилгээ үзүүлэх бус харин ч эсрэгээр харшил өгч болзошгүй юм шүү.

 

 

 

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 02:37 | Гоо сайхан, эрүүл мэнд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сайн байна уу. Миний охин 6 настай. Гэтэл одоо бие, болон нүүрний хэсгүүдээр мэнгэ гараад байна. Энэ нь яг юутай холбоотой гарч байгаа шалтгаан, бас ийм бага насанд гардаг эсэхийг би мэдэхгүй өнөөг хүртэл зүгээр л хараал /охинтойгоо тоолж тоглоол/ байж байна. Санаа жаахан зовоод байна. Хаана очиж үзүүлэх вэ? Энэ нь хэр ноцтой вэ? Надад туслаарай.. Баярлалаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 03:16, 2016-3-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant