2012-05-03
Амжилттай дампуурах 7 арга

Шуугиан тарьсан бизнес сүйрлийн зохион байгуулагч болохын тулд хүн тун өвөрмөц хувийн зан чанаруудыг агуулж байх хэрэгтэй. Ийм удирдагчдын дагуулсан сүйрлийн цар хүрээ нь ой ухаанд ч багтамгүй аж. Тэд дэлхийд хүндлэгдсэн, гүрэн дамжсан корпорацийг жолоодож, дараа нь бүрэн дампууруулдаг байна.

 

Өгүүллэгийн хэсгээс
 

Тэдний буруугаар хэдэн мянган хүн ажилгүй хоцорч, хэдэн мянган хөрөнгө оруулагчид хөрөнгөгүй үлддэг. Тэдний учруулсан хохирол хэдэн зуун сая эсвэл тэрбум доллараар хэмжигддэг. Тэдний сүйтгэх хүчийг газар хөдлөлт, эсвэл хар салхитай зүйрлэж болно.

Ийм аймшигт аюулыг таригч эдгээр удирдагчдын хувийн зан чанарууд нь ихэнх тохиолдолд хүний хамгийн сайн зан чанарууд тай зэрэгцэж байдаг нь бүр их сонирхол татдаг. Ямар ч байсан ийм их хөрөнгийг устгах боломжтой болохын тулд эхлээд тэрээр энэ хөрөнгийг бий болгох чадвараа бусдад харуулах хэрэгтэй. Ерөнхийдөө бараг бүх “өртөг сүйтгэгчид” ер бусын ухаалаг ба авьяастай хүмүүс байдаг. Тэд хүмүүсийг өөртөө татаж, араасаа дагуулж, бусдыг байлдан дагуулж чаддаг. Тэдний нүүр царай Forbes, Fortune, Business Week болон бусад нэр хүндтэй сэтгүүлийн хавтсыг чимнэ. Гэвч хямралын үед тэд сүйтгэгчид болж хувирдаг. Дэлхийн түүхэн дэх хамгийн том бизнес дампууралтай холбоотой захирлуудын нэрсийн жагсаалт нь энэ албан тушаалдаа тохирохгүй байсан хүмүүсийн жагсаалт биш юм. Эдгээр нь зүгээр бага хэмжээний бүтэлгүйтэл болох зүйлийг асар том сүйрэл болгох тусгай авьяастай хүмүүсийн жагсаалт юм.

Яагаад ийм юм болдог вэ? Бүтэлгүйтлийн нууц юунд байна вэ? Сонирхолтой нь гайхамшигтай бүтэлгүй хүмүүсийн тодорхой долоон зуршлыг тодруулсан байна. Компанийг дампуурлын ирмэг дээр авчирсан бараг бүх удирдагчид эдгээр зуршлуудын тавыг, эсвэл зургааг нь эзэмшсэн байжээ. Хамгийн сонирхолтой нь зуршил болгон орчин үеийн ажил хэрэгч ертөнцөд өндрөөр үнэлэгддэг чанарууд аж. Ингээд гайхалтай бүтэлгүй хүмүүсийн долоон зуршлыг танилцуулж байна. Эдгээр зуршлуудыг таних чадвар нь тэдгээрийг саармагжуулах арга замыг олох анхны алхам юм.

Нэгдүгээр зуршил: Өөрийгөө болон компаниа нөхцөл байдлаас
шалтгаалахгүй гэж үзэх

 

“Түр азнаарай, энд юу нь муу зүйл байгаа юм. Манай манлайлагчид эрч хүчтэй, самбаатай байгаасай гэж бид хүсдэггүй бил үү? Ерөнхий захирал санаачлагыг гартаа авч, шинэ худалдааны боломжуудыг бүрдүүлж байх ёстой биш үү? Компани бизнест давамгайлах байр суурь эзлэхийн төлөө тэмүүлэх хэрэггүй гэж үү?” гэж та маргаж магад.

Мэдээж үүнтэй санал нийлэхгүй байж болохгүй ээ. Энэ бүгд сайн. Гэхдээ нэг зүйлд анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Амжилттай удирдагчдын самбаатай, эрч хүчтэй байдлын үндэс нь тэд өөрсдийн салбарын эзэд гэж өөрсдийгөө боддоггүйд байдаг. Ийм удирдагчид ямар ч өндөрлөгт хүрсэн тэд хэзээд байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдлын эрх мэдэлд байдаг гэдгээ мэддэг. Түр зуурын амжилтаас илүү их зүйлд хүрэхийн тулд хэрэглэгчид ч тэр, бэлтгэн нийлүүлэгчид ч тэр тухайн компанитай ажиллах хүсэлтэй байх шаардлагатай. Энэ нь хамгийн амжилттай компани ч өөрийн төлөвлөгөөгөө байнга дахин нягталж, засаж залруулж байх хэрэгтэй гэсэн үг юм.

Харин толгойлж буй компани нь нөхцөл байдлаас шалтгаалдаггүй гэж үздэг удирдагчид үүнийг мартдаг. Тэд үйл явцийг хянаж чадна гэж хэт бардаж, гадны хүчин зүйлсийн нөлөө болон тохиолдлын үүргийг дутуу үнэлдэг байна. Ийм удирдагчид өөрсдийн хүрсэн өндөрлөг болон компанийн амжилт нь зөвхөн тэдний суут хүчин чармайлтын үр дүн гэж боддог. Ихэнх удирдагчид ингэж сэтгэж эхэлдгийн шалтгаан нь хүний дотоод сэтгэл зүйтэй холбоотой байдаг аж. Хүний сэтгэл зүйн нэг онцлог нь өөрийгөө хувь заяаныхаа эзэн гэж мэдрэх хүсэл юм. Толгойлж буй компанийх нь амжилт, эсвэл уналтад шалтгаалах хүчин зүйлсүүдийг бүрэн хянаж чадна гэсэн хэт итгэлтэй дээд шатны удирдагчид их байдаг. Тэд өөрсдийн зохиосон хуурмаг сүр хүчний эрхшээлд байж, хүрээлэн буй орчлонд өрнөж буй өөрчлөлтүүдийг ажиглах хэрэггүй гэж үздэг. Учир нь тэд компанийхаа ажиллах нөхцлийг өөрсдөө бүрдүүлж чадна гэж үзэхээс гадна үүний тулд тэдний авьяас, шаргуу байдал хангалттай гэж боддог байна. Тэд өөрийн ажилладаг салбар болон компаниа өөрсдөө зохиосон мэт төсөөлөн компанийн бусад ажилчдыг зөвхөн тэдний төгс байгууллагын талаарх төсөөллийг л амьдралд хэрэгжүүлэхийн тулд байдаг гэж үздэг.

Компанийн жолоог үнэхээр суут ухааны тодорхой хэсгийг эзэмшсэн хүн атгаж байвал тэрээр өөрийн бүрэн чадлын хуурмаг төсөөлөлдөө автах магадлал тун өндөр байдаг байна. Ан Ванг өөрийгөө технологийн шинэчлэлийн салбарт суут хүн гэдгээ мэдэж байв. Өөрийгөө суут ухаантан гэх энэ мэдрэмж нь түүнийг компанийн өмнө тулгардаг бүх л асуудлуудыг шийдэж чадна гэдэг бодолд хүргэсэн юм. Бусдаас хамаагүй давуу гэсэн хуурмаг төсөөлөлдөө автсан Ан Ванг өөрийнх нь бүтээгдэхүүн бусад компаниудаас илүү учир тэрээр өөрийн зах зээлийн эзэн болно гэж төсөөлж байсан. Моссимо Жаннулли онцгой мэдрэмжтэй байсан бөгөөд загварын ертөнцийн хөгжлийн хандлагыг тодорхойлж чаддаг байв. Энэ нь түүнийг өөрийгөө мөн бизнесийн суутан гэж бодоход хүргэж тэрээр мэргэшсэн, туршлагатай менежерүүдгүйгээр компаниа удирдаж чадна эндүүрчээ. Merrill Lynch компанийн шинжээч Бренд Голийн хэлснээр Моссимо Жаннулли өөрийгөө бүх юмыг чадна гэж итгэснээр “өөрийн имижийн золиос болсон” юм.

Хоёрдугаар зуршил: Өөрийгөө компанитайгаа хэт адилтгаж, хувийн сонирхлоо байгууллагын сонирхлоос ялгах чадвараа алдах
 

Нэгдүгээр зуршилтай адил энэ нь хор уршиггүй, бараг сайн зуршил мэт харагдана. Мэдээж удирдагч компанидаа үнэнч байх хэрэгтэй. Тэрээр компанийн мөнгийг өөрийн мөнгө мэт хайрлах хэрэгтэй. Гэхдээ шуугиан тарьсан олон бизнес сүйрэлд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалж үзэхэд хохирол амссан компаниудын удирдагч өөрсдийгөө компанитайгаа хэт их адилтгаж үзсэн шинж тэмдгүүд илэрсэн юм. Үүний аюул нь юу вэ? Удирдагч компанийхаа дийлэнх хувьцааг эзэмших нь түүнд хэт их эрх мэдлийг олгодог. Тэрээр аюултай, эсвэл эргэлзээтэй стратегийг сонгосон ч ийм эрх мэдэлтэй ерөнхий захирлыг хэн ч зогсоож чаддаггүй байна.

Удирдагчид өөрсдийгөө компанитайгаа хэт адилтгаад ирэхээр тэд бодлогогүй алхмууд хийж эхэлдэг. Компаниа бие даасан обьект гэж үзэхийн оронд ерөнхий захирал компанийг өөрийнхөө “би”-гийн үргэлжлэл гэж үздэг. Тэрээр хувь хүний хувьд бол утга учиртай ч байгууллагын хувьд ямар ч утгагүй үйлдлүүдийг компаниараа хийлгүүлдэг. Ийм удирдагчид компаниа өөрийн хувийн амбицийг гүйцэлдүүлэхэд ашигладаг байна.

Samsung корпорацийн ерөнхий захирал Кун-Хи Ли автомашин түүний хувьд өөрийнх нь сонирхол байсан учир ямар ч эрсдлийг тооцолгүйгээр хөнгөн тэрэгний зах зээл рүү орсон. Жон Де Лорен компанийхаа гаргах гэж буй автомашины шинэ загварыг өөрийхөө нэрээр нэрлэжээ. Үүний дараа хүмүүс компанийг нь ч Де Лорен гэж нэрлэх болж, ажилчид нь Де Лорены компанид ажилладаг гэцгээх болсон байна. Де Лораны яриаг сонсогчдод тэрээр автомашины шинэ загварынхаа тухай яриад байна уу, компанийхаа тухай яриад байна уу, эсвэл өөрийнхөө тухай яриад байна уу гэдгийг ойлгоход бэрх болсон аж.

Өөрийгөө компанитайгаа хэт адилтгаж, компаниа өөрийнхөө үргэлжлэл гэж үзсэн захирлууд эрх мэдлээрээ өөрийнхөө хаант улсыг захирч байгаа хаантай төстэй байдаг. Тэд өөрийн хувийн сонирхолдоо хөтлөгдөн компанийн асар их хөрөнгийг хэрэгцээгүй төсөлд оруулж, буяны хандив, өглөг их хэмжээгээр тарааж, хувийн тансаг хэрэглээнд хэдэн саяар нь мөнгийг үрдэг. Энэ бүхэн удирдагч өөрийгөө компаниасаа салгах ямар ч чадваргүйгээс үүддэг байна.

 
Гуравдугаар зуршил: Бүх асуултуудын хариуг мэддэг гэж хэт эрдэх

 

Тухайн үед үнэхээр чухал байгаа зүйлд маш хурдан төвлөрч чаддагаараа бусдыг алмайруулдаг удирдагчийг хүндэтгэхгүй байхын аргагүй. Ийм удирдагчид хамгийн хүнд нөхцөл байдалд ч амархан асуудлыг шийдэх чадвартай бөгөөд эрс шийдэмгий байдлаараа бусдаасаа ялгардаг. Хэдэн арван жилийн турш төгс топ-менежерүүд ийм зан чанаруудын нийлбэрийг өөртөө агуулсан байх ёстой гэж биднийг сургаж ирсэн.

Кино, зурагтын нэвтрүүлэг, сонин, сэтгүүл гээд бүгд л нэг минутад олон шийдвэр гаргаж чаддаг, хэд хэдэн хүнд асуудлыг нэг дор шийддэг эрч хүчтэй удирдагчийг сурталчилдаг байв. Бүх асуултуудын хариуг мэддэг, бүх асуудлыг нэг дор шуурхай шийддэг ийм удирдагчдыг төгс удирдагч гэж үздэг.

Гэвч төгс топ-менежерийн ийм дүр төрх хуурамч байдагт хамаг асуудал байгаа юм. Бүх юм нь өдөр болгон өөрчлөгдөж байдаг өнөөгийн бизнесийн орчинд бүх асуултын хариуг мэдэж байх боломжгүй аж. Тэгээд ч “өөрийгөө бүх асуултын хариуг мэддэг” гэж боддог ийм удирдагчид шинэ юманд суралцаж, шинэ зүйлсийг мэдэж авах хүсэлгүй байдаг. Rubbermaid-ийн ерөнхий захирал Вольфанг Шмитт хүнд байдлаас гарах гарц амархан олж чаддаг чадвараа бусдад гайхуулах их дуртай байв. Rubbermaid-ийн менежерүүд захирлынхаа тухай “Бүх юмны тухай бүгдийг мэддэг” гэж хошигнодог байлаа. GM-ийн захирал Рожер Смит үүссэн асуудлыг хурдан, шийдэмгий шийдэж чаддагаараа их бахархдаг байв. Түүний гаргасан шийдвэр ямар үр дүнд хүргэх тухай сайн төсөөлөл ч үгүй хэрнээ шийдвэрээ тун хурдан гаргадаг байлаа.

Тэдэнтэй санал нийлэхгүй хүмүүсийн саналыг ийм удирдагчид хэзээ ч хүлээж авдаггүй байв. Бүх асуултын хариуг мэддэг гэж боддог удирдагчид удирдаж буй компанийнхаа бүх асуудлаар сүүлчийн шийдвэрийг зөвхөн өөрсдөө гаргадаг байна. ”Бүх асуултын хариуг мэддэг” удирдагчид хэнд ч итгэдэггүй, зөвхөн өөрсдийн зөв гэж үзсэн шийдвэрийг л гаргадаг аж. Вольфанг Шмитт, Рожер Смит зэрэг ерөнхий захирлууд нь өөртөө хэт итгэлтэйгээсээ болж бүгд компаниудаа дампууруулсан юм.

 

news.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:47 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax