2015-6-10
“Цэв цэлгэр” компьютер: Файлуудыг цэгцлэх урлаг
 Ажлын хамгийн чухал хэрэгслээ чи гартаа бүрэн оруулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу? Програмууд дээр нь ажиллаж чаддаг байх ч яахав, өөр хэрэг. Гэхдээ чинийх хайсан болгоноо хэдхэн секундад дотроос нь олдог, цэв цэвэрхэн desktop-той, зөндөө их юмыг багтаасан хэрнээ яг л шив шинэхэн, юу ч үгүй хоосон юм шиг харагддаг “цэлгэр” компьютер мөн үү?

Эмх цэгцтэй файлууд дунд ажиллахад хийх юм хэчнээн их байсан ч бүгд амархан дуусчих юм шиг мэдрэмжтэйгээр ажилдаа ордог. Харин компьютер замбараагүй байх үед багахаан ажил ч уул овоо шиг л санагддаг. Тийм учраас л компьютерийг бид багаж, зорилгодоо хүрэхэд туслах хэрэгсэл гэдгийг нь ойлгож файлуудаа бүрэн гартаа оруулах ёстой юм.

Бид замбараагүй юмыг харах болгондоо өөрсдөө мэдэлгүйгээр тархиа хий хоосон ажиллуулж байдаг. Маш их хогшилтой хэрнээ асар уудам орон зайтай гэр шиг, маш их хувцастай хэрнээ хаана юу байгаа нь бүгд шууд харагдахаар шүүгээ шиг, тийм л компьютертэй болцгооё. Хэдийгээр “Search” товч чухал ч, хайх шаардлагагүйгээр өөрөө олохтой дүйцэхгүй юм.

1. Ашиглахгүйгээ устга
Сүүлийн хэдэн жилийн турш нээж ч хараагүй файлууд байвал шууд устга. Тэгээд Recycle bin-ээ ч бас хоослоорой. Эсвэл бүүр нүдэнд ил үзэгдэхээргүй газар луу хийж, байнга хэрэглэдэг файлуудтай чинь холилдохооргүй болгохоос цэгцрэлт эхэлнэ. Гэхдээ ажил хэрэггтэй холбоотой файлуудыг барагтай бол бүү устга. Оронд нь “хуучин”, “идэвхгүй” зэрэг фолдерууд үүсгээд дотор нь хийж болно.

2. Төрөлжүүл
“Би төрөлжүүлчихсэн ш дээ” гэх байх л даа. Гэхдээ чиний хийсэн ангилал хайсан юмаа яг байгаа газраас нь шууд олоход том тус болж чадахуйц байдлаар зохицуулагдсан уу гэдэгт анхаараарай. “Гэрээнүүд” гэдэг нэг л фолдер үүсгээд бүх гэрээг дотор нь хийлээ гэхэд үүнийг цэгцтэй гэж хэлэхэд хэцүү. 500 газартай гэрээ хийснийхээ дараа хэрэгтэй гэснээ дотроос нь яаж олох билээ? Тийм учраас “Сурталчилгааны”, “Ажилтнуудын” гэх мэт дэд фолдерууд үүсгэж дотор нь жижиглээрэй. Ангилж болох хамгийн жижиг нэгжээр ангилж, өнчин хүүхэд шиг ямар нэг фолдерт харьяалагдахгүй, сул файлууд үлдээхээс зайлсхий. Мөн файлуудаа төрөлжүүлэхдээ “Би үүнийг маргааш, 10 хоногийн дараа, 2 жилийн дараа ашиглах хэрэг гарвал хар зөнгөөрөө хаанаас хайж болох вэ?” гэж өөрөөсөө асуугаарай. Өөрөөр хэлвэл хэдий чамд “Зураг” гэдэг ерөнхий нэг фолдер байсан ч, энэ төслийн нээлттэй холбоотой зурагнуудыг тийшээ биш “төслийн нээлт” гэсэн фолдерт бусад бүх нээлтийн файлуудын хамтаар хадгалах ёстой. Учир нь чи дараа нь тэр фолдероосоо зурагнуудыг хайх магадлал их. Мөн ашиглаж дууссан файлыг, ид ашиглаж байгаа файлаас салгаж тусад нь байрлуул.

3. Фолдерын нэрийг ухаалгаар сонго
Өөрөө өөрөөсөө юмаа нуухыг хүсээгүй л бол фолдер, файлууддаа товч бөгөөд тодорхой нэр өг. Word-ийн файлуудад нэр өгөлгүй хадгалчих юм бол доторх текстийнхээ эхний үгээр хадгалагддаг. Фолдероо нээгээд харахаар ойлгомжгүй баахан нэр харагдаж толгой эргүүлдэг бол нэг өдөр суугаад бүгдийнх нь зохистойгоор нэрлээрэй. Нээж үзэлгүйгээр дотор нь юу байгааг санахын тулд л файлын нэр байдаг юм ш дээ. Мөн залхуурснаасаа болж “ИСМ” гэж хадгалаад дараа нь юу юм бол гэж бодоход толгойгоо ажиллуулж байснаас “Ирэх сарын мэдээллүүд” гээд л тодорхой нэр өгсөн нь амар. Файлын нэрэнд он, сар, өдөр оруулж өгвөл их сайн. Учир нь хүн аливааг эргэж санахдаа ихэвчлэн хийгдсэн хугацаагаар нь хөөж боддог юм. Хамгийн их ашиглагддаг фолдеруудаа хамгийн дээр нь гаргахын тулд нэрнийх нь урд А, АА зэрэг тэмдэгтүүд тавьж өгөөрэй.

4. Анхнаас нь байх ёстой байранд нь хий
Дээрх бүх аргыг хэрэгжүүлсний дараа компьютер чинь “цэлийгээд” ирлээ гэхэд ахиж цэгцлэх шаардлага нэг жилдээ лав гарах ёсгүй. Тиймээс шинэ файл хадгалахдаа өөрийнх нь “гэр”-ийг олж хийдэг зуршилтай болоорой. Хэрвээ чи үнэхээр л сайн цэгцэлсэн бол тухайн файлын зориулалтын фолдерыг олоход минутаас их хугацаа зарцуулагдах ёсгүй. Хэн нэгэн чам руу мэйлээр файл “шидэх”-дээ “Нараад”, “njcndn” зэрэг гарт орсон нэрээ л бичээд өгөх нь бий. Тиймээс татаж авчихаад “Тэгж байгаад дараа нь харъя” гээд сул үлдээчихвэл дараа нь хэдэн арван “Нараад” гэсэн файлтай болсон байх вий. Шинэ файлыг авангуутаа л таарсан арга хэмжээг авч хэвш.

5. Desktop ямар зориулалттай вэ? 
Гарын доор байх ёстой файлуудад чинь хүргэх дөт зам байх зориулалттай. Түүнээс биш, хааш нь хадгалахаа мэдэхгүй файлуудаа эсвэл дараа нэг харъя байз гэж бодсон зүйлсээ, фолдерыг нь олохоос залхуурсан болгоноо овоолдог “харанхуй өрөө” биш юм. Компьютерээ асаамагцаа л хардаг desktop чинь туйлын цэлгэр, цомхон байх ёстой. Тэнд чи хэд хэдэн том фолдерыг л үлдээж, үлдсэн жижиг фолдеруудыг тэдгээр томууд руугаа л оруулаад байвал амар. Жишээ нь, миний хувьд тухайн сарын төслийн фолдерыг л десктоп дээр үүсгэж, холбогдолтой бүхнийг нь дотор нь хийгээд, төсөл дуусмагц том фолдерууд руугаа шилжүүлэх зарчмаар desktop-тойгоо харьцдаг. Тэгэхээр гарын доор хэрнээ эмх замбараатай, хялбар байдаг юм.

6. Цаасан файлуудыг ч компьютер луугаа
Цаасан файлууд чиний ажлын ширээнд хэтэрхий их зай эзлээд байвал сканнердаж файл болгоод компьютертээ хадгалаарай. Тэгээд цаасан эхүүдийг нь бүр далд хийчих. Тэгвэл ажиллах орчин чинь цомхон болно.

7. 43 файлын арга
Өдөр болгон өөр өөр файлтай харьцдаг хүмүүст энэ арга үр дүнтэй. Сар бүрээр 1 фолдер үүсгээд, тэдгээр фолдер тус бүр дотроо өдрүүдээр нь 31 дэд фолдер үүсгэ. Тэгээд тухайн өдөрт ашиглагдаж байгаа файлуудыг юутай ийтэй нь хамж тийш нь хий. Энэ арга чиний ажлын “өдрийн тэмдэглэл” шиг л байх болно.

Эдгээрээс гадна интернэт browser ашиглахдаа ч, файлуудтай харьцахдаа ч санах ёстой нэг алтан дүрэм бол “нэг дор нэгийг”. Зэрэг олон tab-аар сайтууд нээчихвэл бие бие рүү нь шилжих замдаа анх юу хийх гэж байснаа мартах, цаг үрэх магадлал ихтэй. Компьютерийг чинь ч гацаана. Мөн файлуудтай харьцахдаа ч бас, нэг нээсэн бол ашиглах зүйлээ хараад тэр дор нь хаадаг зуршилтай болж, олон юмыг зэрэг амжуулах гэж оролдохоо зогсоогоорой.
http://goolingoo.mn/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 01:53 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant