2010-10-05
Коко Шанель “Хувцас, эр хүн хоёрын алийг нь би сонгох вэ”

 
Танин мэдэхүй: Коко Шанель “Хувцас, эр хүн хоёрын алийг нь би сонгох вэ”  Габриель Бонёр Шане́ль (Gabrielle Bonheur Chanel) 1883 онд Францын Сомюр (Saumur) хотод жирийн худалдаачны гэр бүлд төржээ.

Тэрээр үргэлж нууцлаг, хаалттай байсан, байсаар л дууссан нэгэн. Коко өөрийнхөө нас сүүдэр, хаана төрсөн, гэр бүлийн гарал үүсэл, боловсрол гэх мэт бүх юм нь нууцлаг байдаг байсан.

Коког 5 нас хүрэхэд ээж нь нас барж өнчирсөн гэдэг. Аав нь ээжийг нь нас барснаас хойш  би 3 хүүхэд өсгөж хүмүүжүүлж чадахгүй гээд «Обади» гэдэг асрамжийн  газар хүүхдүүдээ орхиод явсан. Ингэж Коко  2 эгчтэйгээ нэг асрамжийн газар өсөн хүмүүжсэн байна.

 1908 оны наймдугаар сард Шанель 25 нас хүрлээ. Тийм ч баяр баясгалантай биш бага идэр үе нь ард үлдэв. 11-тэй байхдаа тэрбээр өөрийгөө тэжээхийн тулд гангчуулын дэлгүүрт туслах ажилчнаар орсон гэдэг.

Коко Шанель гэсэн нэрийн эхнийхийг тэрбээр эцгээсээ авсан бус, өөрөө өөртөө өгсөн юм. Коко гэдэг бол дуулдаг дууных нь нэр байсан аж. Нарийн хоолойгоор ийнхүү дуулахад нь алдар хүнд түүн рүү нь аяархан гэтсээр ирж явлаа.

Этьен хэмээх моринд  хорхойтой цэргийн нэгэн хүн Шанельд дурлажээ. Гэвч Этьен удалгүй бүсгүйгээс уйдаж, өөр хүнтэй болмогц нь Шанель түүнээс дэлгүүр нээж болохуйц мөнгө өгөөч хэмээн гуйв.. Гялгар тууз, тор ,элдэв жижиг товч зүүлтээр бүрх малгай чимэглэхдээ гаршиж, энэ ажилдаа ч дурлах болсон Шанель ийнхүү гуйхаас  өөр арга байсангүй. Этьен дотно холбоотой байсан бүсгүйчүүддээ очир алмаасны үнэ бүхий зүйл дурсгадаг тул Шанелийн энэ гуйлтыг гайхан хүлээж аваад басчиг удаан бодсоны эцэст түүнд  мөнгө өгчээ. Түүнийг удаан бодох хугацаанд Шанель өөр нэгэн эр болох Бой Капель гэдэг баян бус ч гэсэн Шанельд хайртай залууг олоод авсан байж.

Шанель чухам энэ л цагаас мандаж эхлэв. Парис даяаар Шанелийн сүрлэн малгайг магтан шагшиж, эрэл сурал болцгоов.

Ингэж Шанель хүнээс гуйхгүй, өөрөө мөнгө хийдэг эзэгтэй болжээ. Шөнө дундаар Бой Капель  түүнийг сэрээж “Чи бол зөвхөн минийх шүү дээ” гэсэн нь Шанельд бөөн нулимс, уур хилэн авчирч, тэрбээр маргааш нь дэлгүүртээ ирээд “Би өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн. Хэн ч миний зөвшөөрөлгүйгээр ганц ч атугай сантим үрэхийг зөвшөөрөхгүй” хэмээн тунхаглав.

1913 оны Ла Манш. Энд Шанель яг жинхэнэ ёсоор “төрөв”. Наран шарлагын Довиль хэмээх хотхонд түүний усны хувцас өнгө өнгөөр алаглан, моод загварын ертөнцөд ёстой л нэг хувьсал гарчээ. Хувцас загварчид урьд нь төдийлөн  тоодоггүй, сургуулийн, биеийн тамирын дүрэмт хувцас оёдог даавуугаар Коко хос костюм оёход дундад зууны хувцас салхинд хийсэн одсон юм.

Моод гэдэг Шанелийн санаснаар тохь тух, намба төрх, энгийн байх гэсэн хэдхэн ойлголт юм. 1921 оноос Парисын “Фемина”, “Минерва” гэх моод загварын, дээдсийн сэтгүүлд Шанелийн зураг загвар бүх хуудсыг нь эзлэн авав. Эрүүл саруул сэтгэж, хүн хүнээрээ, ялангуяа бүсгүй хүн бүсгүй хэвээрээ байхыг Шанелийн загварууд зарлан тунхаглаж байлаа.

Өөрийнхөө 40 насны ойг Коко “Шанель №5“ гэсэн үнэртэй усаар угтлаа. Эрнест Богийн лаборатори байрладаг Грасс хот. Энэ бол дэлхийн гоо сайхны  үнэртэн танартны нийслэл юм. Шанель юм үнэрлэхдээ онцгой мэдрэмжтэй. “ Надад хэн нэг нь цэцэг барихад түүнийг тасдан авсан гарын үнэрийг би мэдэрдэг юм” хэмээн Шанель ярина. Алдарт Эрнэст Бо өөрт нь тусгайлан зохиосон зургаа, долоон янзны уснаас тав дахь дугаарыг сонгож аваад “Энэ үнэр бол өмнө нь хэзээ ч байгаагүй. Үүнийг л би эрж хайж байсан юм ” гэлээ. Бо түүнд “Энэ ус тийм ч хямдхан бус ...” гэж сануулахад Шанель “Ертөнцөд хамгийн үнэтэй ус бий болгохын тулд би ирсэн юм” хэмээн хариулжээ.

1924 оны намар Шанель давхар нэр зүүх болжээ. Хью Ричард Артур гэдэг Вестминстрийн шилтгээний гүнтэй Шанель хувь заяагаа холбож арван жилийг өнгөрөөв. Бардам ихэмсэг Коко зөвхөн эхнэр байхыг хүссэнгүй. Алс холын аялалд гүн өөрийн “холын хамаатан” залуухан бүсгүйг авч явсныг мэдмэгц эргээсэээ холдон одож буй усан онгоцыг зогсоохыг шаардаж, залуу бүсгүйг буулга хэмээн үүрэг өгчээ. Гүнтэн усан онгоцноос бууж ирээд Кокод маш өндөр үнэтэй сувдан зүүлт өгтөл уран гоё хуруунууд тэр зүйлтийг цэнхэр далайн ус руу хээвнэг чулуудаж орхижээ. Эд мөнгө, нэр хүндтэй Коко эрчүүдээс ийнхүү “хатант” улсаа тусгаарлав.

“Хувцас, эр хүн  хоёрын алийг нь би сонгох вэ? Би хайрлаж дурламаар байна, гэхдээ миний хувьд загвар бүтээх нь хар тамхи адил мансуурам сайхан” гэж ам алдсан гэдэг. Дөчөөд оны сүүлээр Кокогийн үс зүс, алдар хүндэд ч гэсэн буурал орж эхэллээ. Хуучныг хүсэмжлэгч эмэгтэйчүүд л түүний хилэн хамбан урь хувцсыг санааширдаг болохоос бус, дайн самуунтай орчлон Шанелийг алгуурхан мартагнажээ.

1947 онд түүний эсрэг Кристиан Диор түрэмгийлэн давшив. Ганц бүс, олон арван метр даавуу оройхууц урт, өргөн даашинзтай бүсгүйчүүд  Шанелийн өмнө гунхалзан, тэд нар ёстой “Кристианы  цэргүүд” гэлтэй байв.

1950 онд Шанельд өөрийн салоныг дахиж нээх санаа төрлөө. Нэг бол хамгийн энгийн, өдөр тутмын хувцас үйлдвэрлэдэг, нэг бол хамгийн хээнцэр тансаг, үнэтэй хувцас бүтээх гэдэг хоёр туйлын загварт Шанель эргэлзэж, юу ч гэсэн хуучин Шанелийг сэргээх болов.

1954 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Шанелийн ордонд алдар цуутнууд, сурвалжлагчид, сэтгүүлчид цугларчээ.

Гэвч маргаашийнх нь сонинууд “Та тэнд очвол 1925 онд очсон мэт болно...” гэх мэт даанч гомдмоор зүйлийг нийтэлж, Коког “унтраав”. Гэхдээ л юм ойлгодог элит Кокогоо мартсангүй. Грейс  Келли, Ингрид, Бергман, Элизабет Тейлор, Марлен Дитрих нар үйлчлүүлсээр л байлаа.

1970 онд Коко Шанель 87 нас хүрлээ. Түүний сүүлчийн удаа сүр дуулиантай тэмдэглэсэн төрсөн өдөр. 12 дугаар сарын 19-нд төрсөн тэрбээр Шанель № 19-ийг өөртөө бэлэглэв. Коко тэр удаад сурвалжлагчид ярихдаа “Гудамжинд нэг эр намайг хоргоогоод явуулдаггүй. Тэгэхээр нь шүхрээрээ дэлсээд авах гэтэл тэр америк хүн  хамгийн гол нь үнэртэй усны минь нэрийг асуух гээд байсан байж” гэсэн гэдэг. Ясархаг туранхай Коко “Одоо ч би 100 нас хүрээ биз дээ, мэдэхгүй юм” гэлээ.

Коко 100 насалж чадаагүй ч тэрбээр 100 жилд мөнх үлдэх гоо сайхныг бүтээсэн юм.

Кокогийн нууц ба зөвлөгөө

• Шанель хэзээ ч нойргүй хонож ажиллаж байгаагүй. Нойргүй хоносны маргааш гараас юу ч гарахгүй гэж боддог байсан учир өдөрт заавал 7-8 цаг онгорхой цонхтой унтдаг байсан.

• Шанель ихэвчлэн жимс ногоо, загасаар хооллодог байсан.

• Эмэгтэй хүн ажиллаж л байх ёстой, ажил эмэгтэй хүнд эрч хүч өгдөг гэдэг байжээ.

• Өөрийгөө хайрла, өөрийнхөө чих, нүд, өөрийнхөө бодлыг ,өөрийнхөө нойрыг хайрла гэдэг байжээ.

• Бүх юм таны гарт байдаг учир тэрийгээ тавьж болохгүй гэж тэрбээр бусдад зөвлөдөг.
• Таны царай зүс 20 насанд ямар байхыг байгалиас заяадаг, 50-тай байхдаа ямар байх нь таниас хамаарна.
• Эмэгтэй хүнийг хөгшин харагдуулах зүйл бол хэтэрхий баялаг костюм
• Хөгшрөлт хайраас хамгаалахгүй, харин хайр хөгширөлтөөс хамгаална
• Сольшгүй байхын тулд үргэлж өөрчлөгдөж бай
• Ажиллах цаг бий , хайрлах цаг бий, харин өөр цаг байхгүй

1983 оноос  загвар зохион бүтээгч Карл Лагерфельд Шанелийн загварын ордны уран сайхны захирал болсон. Түүний  өдөр тутмын загварууд дээр одоог хүртэл ажилласаар байгаа.

Д.Наран
source: www.gogo.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 18:14 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax