2010-12-22
Эрхтэн "ургуулах" арга анагаах ухааны ирээдүйг тодорхойлно

Эрхтэн "ургуулах" арга анагаах ухааны ирээдүйг тодорхойлно


Нас бие гүйцсэн хүний бүлэг эс шинэ эрхтэнд хэрэгтэй эсийн төрөл рүү хувьсахаас ч илүүг чаддаг. Энэ нь шинжлэх ухааны "хүүрнэл зохиол" шиг сонсогдож магадгүй. Гэхдээ хүний биеийн эд эсээс шинэ эрхтэн "ургуулах" нь аль хэдийн бодит зүйл болжээ. 25 жилийн өмнө эрдэмтэд зоригтой алхам хийсэн юм. Харвардын Анагаахын их сургуулийн эрдэмтэн ах дүү Жосеф, Чарльз Ваканти болон Массачусейтсийн Технологийн хүрээлэнгийн Роберт Ланжер нар шинэ эрхтэн бүтээх анхны туршилтуудыг хийжээ.

Ланжер "нөхөн сэргээх эмчилгээ" буюу "эд эсийн байгуулалт"-ын санааг анх удаа сэдсэн юм. Эрдэмтэд хүний эрхтэн бүр өөр өөр үүрэгтэй эсүүдийн олон өөр төрөл болон хэлбэр бүхий "шат" бүтэцтэй болохыг мэдсэн юм. Нарийн дэс дараалалтай "шат"-нд олон сая эс байдаг. Ланжер хүн бүрийн биед байдаг коллаген шиг байгалийн молекулууд болон гадны нөлөөгөөр задрах полимер шиг олон төрлийн нийлэг материал ашиглан эрхтний "шат"-ыг бүтээх аргыг боловсруулжээ, Ланжерийн энэ аргыг ашиглан Чарльз Ваканти гурван настай хүүхдийн чихний хэлбэртэй мөгөөрс ургуулжээ.

Хүн төрөлхтөн олон шалтгаанаас болж эд эрхтэнээ алддаг. Жишээ нь, генийн согогтой төрх, бэртэж гэмтэх, бүх төрлийн өвчин үүнд нөлөөлдөг. Эрхтэн шилжүүлэн суулгах бол хүний өөрийн сонголт. Энэ нь тун эрсдэлтэй бөгөөд эд эрхтэнээ бэлэглэх хүн тэр бүр байхгүй билээ, Люк Мазелла нурууны төрөлхийн гажигтай төрсөн бөгөөд улмаар давсаг нь мэдээгүй болжээ. Түүний давсгийг эмчлэх төрөл бүрийн эмчилгээ хийсэн ч нэмэр болсонгүй.

10 нас хүрэхдээ тэрбээр бөөрний дутагдалтай болсон байв. Түүний цусанд хорт бодисын хэмжээ нэмэгдсээр байснаас гадна биеийн жингийнхээ 25 хувийг алдсан байна. Люк болон түүний эцэг, эх шинэ давсагны "эрэлд" гарчээ. Доктор Трейси Грикшейт болон түүний багийнхан Лос-Анжелесийн Хүүхдийн эмнэлэгт туршилт хийжээ. Грикшейт нарийн гэдэсний үрэвслийг эмчлэхийг оролдсон байна. Энэ нь шинээр төрөгсөд болон дутуу төрсөн хүүхдэд илэрдэг эмгэг.

Грикшейт бяцхан хүүхдүүдийн өөрсдийнх нь эсээс шинэ нарийн гэдэс бүтээж бяцхан үрсийг өсөж томрох боломжтой болгожээ. Өнгөрсөн жил Грикшейт гахайн дээр энэ туршилтаа амжилттай туршсан байна. Эхлээд тэрбээр задрах чадвартай цилиндр "шат" бүтээв. Гахайны нарийн гэдэсний хананаас авсан бүлэг эсээр бүтээсэн нарийн гэдсээ тэрбээр гахайны гэдсэнд байрлуулсан байна. Долоон долоо хоногийн дараа Грикшейт гахайны шинэ нарийн гэдсийг бичил дуран авайгаар харахад эсүүд хэвийн ажиллагаатай байжээ.

Шинэ нарийн гэдсийг цус болон мэдрэлийн судас хангаж, эсүүд хоорондоо нэгдсэн байна. Ийм маягаар байгалийн эвлүүлдэг оньсого хурдан тайлагдаж байгаа гэж Грикшейт ярьсан байна. Ирээдүйд хүн төрөлхтөн төрөлхийн болон олдмол ямар ч гажигийг эд эсээс ургуулсан эрхтэнээр шийддэг болно гэдэгт тэрбээр итгэлтэй байна. Люк Мазелла шиг олон хүнд өвчтөнд "ургуулсан" эрхтэн ач тусаа өгч эхлэв. Арван жилийн өмнө Люкийн давсаг, бөөрний дутагдалд тохирсон эмчилгээ давсагны оронд түүний нарийн гэдэсний хэсгийг байрлуулах байсан.

Гэвч энэ нь бөөрний чулуу, бодисын солилцооны хэвийн бус байдал, хорт хавдар тусах эрсдэлийг тун ихээр нэмэгдүүлэх юм. Эд эсээс "ургуулах" эрхтэн санаачлагч, Нөхөн сэргээх эмчилгээний "Ойг сэрээх нь" хүрээлэнгийн эрдэмтэн Энтони Атала Люкийн давсагнаас авсан эсээр шинэ давсаг ургуулан, түүнийгээ амжилттай суулгасан байна, Удалгүй Люкийн шинэ давсаг мэдрэл болон цусан хангамжаар хангагдаж хэвийн ажиллах болжээ. Хоёр сарын дараа Атала Люкийн давсаг уруу шинэ давсагийг холбосон байна.

Люк одоо 20 настай, Коннектикутийн их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Түүний давсаг, бөөр одоо ердийн хүнийхээс ялгагдахгүй. Грикшейт нарийн гэдэс, давсаг зэргийг илүү цогц болгохоор ажиллаж байна. Гэхдээ эрдэмтэд элэг, бөөр, зүрх, тархи зэрэг амин чухал эрхтнийг хараахан бүтээж чадаагүй байна.


Эх сурвалж : Монголын үнэн сонин
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 15:17 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax