2011-12-04
Би нууц хадгалж чаддаггүй



Хүн бүр сонголт хийх бүрэн эрхтэй болохоор бидний нууцыг зарчмын хувьд яавал ч яаж чадна гэдгийг мэдсээр байж хүнд итгэнэ гэдэг бас ч багагүй эр зориг шаардсан хэрэг биш гэж үү. Хууралт бол бидний өөрсдийн ч гэсэн нэгээхэн хэсгийг тээж явдаг учраас бусдын нууцыг хадгалж чаддаггүй тэр сул амтнуудыг ч зөвтгөж байдаг юм.


Хүслийн хоёрдмол шинж

Хэн нэгэнд нууцаа дэлгэж байхдаа бид түүнийг бусад хүмүүс мэдээсэй гэж далд ухамсраараа хүсч байдаг юм байна. Бид сонсогчид энэ мэдээллийн хүндийг үүрүүлж (эсвэл ачаагаа хуваалцаж), цор ганцаараа нууцыг эдлэх болсон зайлшгүй дарамтнаас чөлөөлөгддөг. Насаагийн найз эмэгтэй нөхрийнхөө хууралтын тухай ярьж байхдаа, түүний нууц нь байдлыг өөрчилж чадах илүү хурц мэдрэмж төрүүлж магадгүй гэж ухамсаргүйгээр найдсан байж болно. Зарим сэтгэлзүйчдийн үзэж буйгаар зовлон, гуниг, ичгүүрт автсан хүмүүс “Зовлонгийн ёроолд унавал араас нь өргөлт, босолт ирнэ” гэсэн зарчимд зөнгөөр итгэж байдлыг бүхий л талаар улам муутгахыг ухамсарлахгүйгээр хичээж байдаг гэнэ. Ялангуяа нөхрийнхөө урвалтыг мэдсэн эмэгтэйчүүд “цаашдаа бид яах вэ? Амьдрал, хайр, үр хүүхдүүд..,? энэ явдлаас болоод би түүнийг өөрийн оршихуй, ирээдүй, зүрх сэтгэлээсээ ул мөргүй арчин хаяж чадах уу?” гэж бодохын оронд түүний бузар булайг улам ярин илчилж, эцсийг нь үзэх гэж улайрдаг. Ингэснээрээ ямар өөдгүй амьтныг өдий хүртэл тэвчиж явсныг нь хүмүүс мэдээсэй, бүгдээрээ нийлж тэр мууг гишгэх газаргүй болгоосой гэж бодлынхоо мухарт хүсч байдаг. Өөрөөр хэлбэл өс хонзон. Харин энэ бүх үзэн ядалт, гутрал өнгөрсний хойно аймшигт нууцаа цор ганцаараа л тээж явах минь яалаадаа гэж олонх нь харамсдаг. Тухайн үедээ таны нууцыг чих тавин сонсч, гундуу сэтгэлийг тань тайвшруулж байсан “андууд” тань ихэнх тохиолдолд таны зовлонгоор бахаа хангаж байдгыг та мэдэхгүй өнгөрөх нь олонтаа. “Нууцыг нууц биш болгомогц хариуцлагын дарамт өнгөрч, дотоод зөрчил намдаж эхэлдэг. Гагцхүү энэ хүн таны байранд өөрийгөө тавьж чаддаг, хожим таныг чичлээд байхааргүй л хүн байх ёстой” гэж гэр бүлийн сэтгэлзүйчид үзэж байна.

Итгэлийн дилемм

Бидний олж мэдсэн зарим нууц нилээн гүнзгий дотоод зөрчлийн шалтгаан болох нь бий. Захирал нь Пүрэвийг халах гэж байгаагаа Баясаад тохиолдлоор мэдэгдсэн нь албаны журмыг ноцтой зөрчсөн явдал байв. Өөрийн зарчим, компанийхаа дүрмээс няцах уу, эсвэл найзаасаа урвах уу? Баясаа ёс зүйн диллемийг найзынхаа талд шийдэж, Пүрэвт удахгүй болох цомхотгол нэртэй халалтын тухай мэдэгджээ. Нууцыг хадгалах нь түүнийг илчлэхээс ч ёс суртахуунгүй явдал болох нь бий. Нэгнийх нь тусын тулд нөгөөд нь шудрага бус хандана гэдэг хэцүү алхам. Зарим тохиолдолд ийм нээлт нь өөрийн нэр хүндийг сэргээх, өөрийн үнэлгээгээ өргөхөд тус болдог. Нууцыг нээж хэн нэгнийг хямралын нөхцөлөөс аварч, бусдын хувь заяанд оролцох үедээ бид ямар ч идэвхгүй хөндлөнгийн ажиглагч биш болж, ердийнхөөс том эрсдэл хийснээрээ энэ үедээ өөртөө шинэ шинэ сайн талуудыг нээж байдаг юм.


Өөрийн оршин буйгаа батлах нь...

Бусдын амьдралын нууцуудыг задлах нь бүр архагшсан зуршил болж, үүнээс ёс зүйн ч, бодит ахуйн хэм хэмжээнүүд ч аварч чадахгүй болох тохиолдлууд байна. Өөрт итгэсэн бүхнийг чалчигч этгээд бусдын санаа бодолд өндөр ач холбогдол өгдөг, өөрийн толгойгүй амьтан байх нь элбэг. Түүнийг бусад нь ам ангайн шимтэн сонсч буй тэр хэдхэн хором ид шидийн эрх мэдлээр цэнэглэж, бүх нийтийн сонирхол, хүндэтгэлийг татах боломж олгодог. Үүнийхээ хариуг тэр их үнээр төлж, найз нөхөд, ойр дотныхныхоо итгэлийг алдаж, хийсэн хуншгүй хэргээсээ болж гэмшил харууслыг амсдаг боловч анхаарлын төвд байх цөөхөн мөчийн мансуурлын амт ямар ч золиосноос, бас ямар ч сэргээшнээс илүү болдог нигууртай. Сэргэлэн 34 настай, рекламны албаны менежер “Танил хүүхнүүдтэйгээ хов ярихдаа би үргэлж дуртай байсан. Найзууд, ажлынхныхаа “бөгсийг ухаж байхдаа” “энэ бүхэн зөвхөн бидний дунд л үлдэнэ” гэж амлацгаадаг байлаа. Нэг удаа би жинхэнэ нууцыг буюу нэгэн танил маань эдгэршгүй өвчтэй болохыг мэдэв. Дадсан зуршлаараа би энэ тухай найз хүүхнүүддээ юу ч бодолгүй цацаж орхисны дараа бүх юм түүний чихэнд хүрсэн юм. Одоо тэр надтай дуугарахыг ч хүсдэггүй, бүх хүнд намайг итгэл даах чадваргүй, хоосон хонгио гэж ярих болсон.  



Түүнээс хойш муу нэр намайг салахгүй дагаж байна. Манай хот жижгийг ч хэлэх үү, бидний хүрээ явцууг ч хэлэх үү, одоо намайг хаана ч урихдаа дурамжхан байцгаах болсон. Намайг яваад орохоор бүгд дуугаа хураацгааж, над руу харахгүйг хичээн, зарим нь бүр гарч явцгаадаг. Энэ түүх намайг олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Би өөрийнхөө амьдралын тухай ярихыг хүсдэггүй байсан болохоор бусдын амьдралд хошуу дүрж, тэдний тухай хэл ам, ховын цаана нуугдаж байснаа ойлгосон. Өөрт минь өчнөөн бэрхшээл, бас хэн хүнд хэлээд байхааргүй асуудлууд байсныг хүмүүст нээчихгүйн тулд бусдын нууцыг эцэс төгсгөлгүй бурж байх нь надад амар байж. Өөрийн жинхэнэ мэдрэмжүүдээ би бусдын ажил хэргийн тухай ярианд шингээснээр зовиур шаналангүйгээр өөрийгөө илэрхийлэх цорын ганц аргыг олдог байснаа ойлгосон”.


Яах вэ?

Хэрвээ нууцыг хадгалж чадахгүй бол... тэр хүний яриаг сонсохоос шуудхан л татгалзчих. Тэр гайхаж хоцрох нь лавтай, гэвч бүү санаа зов. Наанаа таныг жоохон юмтай гэх л байх, цаагуураа таны шулуун занг үнэлэх болно. Амаа хамхиж чадахгүй гэдгээ ил тод мэдэгдсэнээрээ энэ болж буй бүх явдалд хариуцлагатай хандаж байна гэдгээ сануулж байгаа хэрэг.

Та ямар нэг супер нууц мэдээллийг гартаа авлаа гэж бодъё. Бусадтай хуваалцахаа хэсэгхэн азнаад, энэ нууцыг хүнд хүргэж болох эсэхийг сайтар тунгаан бод. Нууцыг задалснаар танд (хувын ач холбогдлоо мэдрэх, өөрийн байр сууриа өндөрт өргөх) сайн юм авчирч байна уу, эсвэл бодитоор занал хийлж буй (итгэл алдах, нөхөрлөлөө сэвтээх, хусавч арилшгүй муу нэрээр алдарших) золгүй явдлууд дагуулц байна уу гэдгийг дэнслээд үз. Хэрэв ямар нэгэн нууцыг дэлгэх нь танд тийм амин чухал шаардлагатай байгаа бол яагаад чухам яг энэ хүнийг сонгосноо өөрөөсөө асуу. Таныг дэмжиж, үйл явдлын дүр зурагт хурц өнгө нэмэх чадварыг нь та үнэлж байна уу? Магадгүй та түүнийг задгай амтай Ховживмаа болохоор нь л өөрийн мэдэлгүй татаад хажуудаа суулгачихав уу? Өөрийгөө түүний оронд тавиад үз. Таны нээлт түүний хувьд юу болох бол. Ер нь яалаа гэж тэр таны өмнө хариуцлага хүлээж, цааш дамжуулахгүй байх андгай тангараг тавих ёстой гэж? Нууцаа түүнд нээснээр шар сонинд зар тавьсантай адил юм болчих юм биш биз! Хэлээ хазаад өнгөрөөчихвөл яасан юм бэ? source: busgui.net
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 17:59 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax