2012-03-05
Нас насны эрчүүд юу хүсдэг вэ?
20 нас: -Чиний насны залуус эмэгтэй хүний ямар зан чанарт хамгийн их татагддаг вэ?

-Тэнгэрийн амьтан юм шиг, нэг их дээгүүр хараад яваад байдаггүй, хажууд нь суугаад юм асуухад яриа хөөрөөтэй байдаг, хөгжилтэй бүсгүйд татагддаг. Гэхдээ бас өөртөө маш их итгэлтэй байх хэрэгтэй. Тачаангуй харагдах гэж хичээдэггүй, өөрийнхөөрөө, эвдрээгүй байх ч бас чухал.

-Чи эмэгтэй хүнээс ямар магтаал сонсвол “хагартлаа” баярлах вэ?

-Энэ их энгийн. Намайг лав хөгжилтэй, царайлаг гэж хэлвэл баярлана.

-Бүсгүйчүүдийг чиний насны залуусны талаар юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Миний үеийн охид бүсгүйчүүд хэдэн муу залуустай учрангуутаа л бүх эрчүүдийг “хөгийн” гэж бодоод л муулж гардаг. Бид бүгд адилхан биш шүү дээ. Үүнийг л ойлгоосой гэж хүсч байна. /21 настай Нямбаяр/

25 нас: -Чиний насны залуус эмэгтэй хүний ямар зан чанарт хамгийн их татагддаг вэ?

-Өөрийгөө сайхан авч явдаг, цэвэрч, эмэгтэйлэг, ажил хэрэгч, хамгийн гол нь биеэ даасан бүсгүйд бидний сэтгэлийг татдаг. Гэхдээ үүнийхээ хажуугаар жаахан сахилгагүй байвал бүр ч их татагдана.

-Чи эмэгтэй хүнээс ямар магтаал сонсвол “хагартлаа” баярлах вэ?

-Ажлынхаа амжилтыг үнэлүүлсэн магтаал сонсвол их баярлана. Мөн өөрийнх нь төлөө хийсэн ямар нэг зүйлд талархаж байгаагаа хэлвэл их баярлах юм байна шүү. Мэдээж сексдээ “бух” гэж хэлүүлэх бидэнд таалагддаг.

-Бүсгүйчүүдийг чиний насны залуусны талаар юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Бидэнд хааяа ч болов эрх чөлөө хэрэгтэй байдаг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Зарим бүсгүйчүүд эрэгтэй хүнийг цаг, мөч, минут тутамд хажуудаа байлгах гээд байдаг. Бидэнд өөрсдийгөө санах, үгүйлэх зай гаргаж өг л дөө хүүхнүүд ээ. /26 настай Амартайван/

30 нас: -Чиний насны залуус эмэгтэй хүний ямар зан чанарт хамгийн их татагддаг вэ?

-Ний нуугүй хэлэхэд ажилсаг, гэр бүлсэг, хүүхдэд хайртай, халамжтай эмэгтэй хүнд л их татагдаж гэргийгээ болгохыг хүснэ дээ. Мөн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэг, мөрөөдөлтэй, амбицтай, намайг онцгой гэдгийг мэдрүүлдэг бүсгүйд сорон шиг татагдана.

-Чи эмэгтэй хүнээс ямар магтаал сонсвол “хагартлаа” баярлах вэ?

-“Чи л миний хүлээж байсан эр хүн мөн” гэж хэлвэл би маш их баярлана. Мөн би өөрийгөө сайн эр нөхөр, хүүхдүүдийнхээ сайн аав гэж хэлүүлэх дуртай. Ингэж хэлвэл би улам бүр хичээмээр санагддаг.

-Бүсгүйчүүдийг чиний насны залуусны талаар юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Энэ насанд эрэгтэй хүн хөнгөн сээтэгнэл, түр зуурын үерхэл зэргийг тоохоо больчихдог. Амьдралаа бодож эхэлдэг гэх юм уу. Тиймдээ ч энгэр задгай хувцасласан, тааралдсан эр болгоныхоо анхаарлыг татдаг бүсгүйг жаахан хөвгүүд шиг сонирхохоо больдог гэсэн үг. Тиймээс бидний насны эр хүнийг татах гэж байгаа бол өөр залуустай сээтэгнэж хардуулахыг оролдох хэрэггүй л болов уу гэж зөвлөмөөр байна. /32 настай Чулуунбаатар/

40 нас: -Чиний насны залуус эмэгтэй хүний ямар зан чанарт хамгийн их татагддаг вэ?

-Миний насанд эрчүүд буцаад залуу болохыг хүсэж эхэлдэг. Тиймээс бидний сэтгэлийг татахыг хүсвэл гал цогтой, эрч хүчтэй, өөртөө анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Харин биднээс сүйн бөгж авахыг хүсч байвал үүнийхээ хажуугаар ухаалаг, боловсролтой гэдгээ харуулаарай.

-Чи эмэгтэй хүнээс ямар магтаал сонсвол “хагартлаа” баярлах вэ?

-Мэдрэмжтэй гэдэг үг сонсвол их баярлана. Эмэгтэй хүнд бэлэг өгөөд, эсвэл сексийн тал дээр шинэ юм туршиж үзсэний дараа хэлвэл бүр хөөрцөглөж орхино. Мөн найдвартай, хүчтэй, итгэл даадаг гэдэг үгс биднийг баярлуулна.

-Бүсгүйчүүдийг чиний насны залуусны талаар юуг ойлгоосой гэж хүсдэг вэ?

-Эр хүнийг өөр эмэгтэй рүү харсных нь төлөө шийтгэх нь утгагүй зүйл гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Эмэгтэй хүн ч бас биднийг байхгүй хойгуур үздэг олон ангит киноныхоо гол дүрийн залууг магтаж л суудаг шүү дээ. /40 настай Мэндхүү/

bai.mn

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 16:20 | Сонирхолтой баримт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax