2012-08-13
Үхэр ба машин

Юунд итгэх вэ? Энэ бол хууртаж цөхөрсөн хүний асуулт. Хүн, үхэр, машин  гурвыг энэ орчлонгийн тулгын гурван чулуу гэлтэй. Тэдгээрийн эхнийх нь та бид өөрсдөө болохлоор хүмүүний талаар өгүүлэх нь илүүц биз. Үхэр ба машины тухай өгүүлэх үлдэв. Үхрийг бүгд мэднэ. “Үхэр” хэмээн Монголчууд заримдаа бие биеийг доош хийх дуртай байдаг. Тэгтэл хөрш гүрнийхэн “Үхэр Монгол” хэмээн манийгаа хочилдог гэсэн. Энэ нь үхэр болбоос гэм хоргүй мөрөөрөө бас хүмүүсийг мах сүүгээр тэжээгч гэх санааг илэрхийлэх боловч ухвар мөчид хэмээх далд утгыг бас агуулсан мэт. Үхрийг яаж ч доош нь жийж, муучилж болох авч хэнбугуай ч түүнийг зохиож бүтээгээгүй, тэгж үнэндээ чадах ч үгүй. Тэр бол байгалын амьтан.

Үхэр мулгуу тэнэг, баахан болхидуу байж болох юм. Гэхдээ л тэр өөрийн гэх уураг тархитай, орчиндоо дасан зохицож, өөрийг баримжаалах чадвар бүхий бие даасан амьд организм. Үүгээрээ хамгийн муу үхэр хамгийн сайн машинаас хавьгүй илүү. Яагаад вэ гэвэл, орчин цагийн ихэд боловсронгуй машиныг ч  хүн зохион бүтээсэн, хиймэл эд. Тийм болохлоор аль ч машин хүнээс бүрэн хараат түүний боол юм. Хэдийгээр хүмүүн төрөлхийтөн хиймэл оюун (Artificial intelligence, AI) бүтээхээр шамдаж буй боловч үхрээс дээрдсэн юм алга. Үхэр бол зугатах, зөрүүдлэх, ээнэгших, бусдын муу, сайн хандлагыг мэдрэх, өвс тэжээлээ олох, үр төлөө өсгөх мэт олон үйлийг хэнээс ч хараат бусаар өөрөө үйлдэж чадна. Тэгэхлээр хэдүүлээ үхэрт итгэх үү эс бөгөөс машинд итгэцгээх үү. Та нар хэрхэхийг би мэдэхгүй. Би хувьдаа үхэрт лав итгэнэ. Яагаад гэвэл үхэр ядахдаа тугалдаг бас мөөрдөг.

http://purev.mn/

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 14:23 | News
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax