Анхаарал болгоомжгүй хэлсэн үг, үйлдэл ямар ч эр хүний тэвчээрийг барж, түрэмгий догший авирлахад хүргэдэг. Үүнийг эмэгтэй хүн бүр санах хэрэгтэй. Хэрэв эр хүний тэвчээрийг харахыг хүсэж байгаа бол доорхи найман аргыг туршаад үзээрэй.
Нэг. Эцэг эхийг нь шоолж доромжил
Эмэгтэйчүүд хэрэлдэхдээ нөхрийнхөө угсаа гарлыг доромжлох, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүсийг нь гутаах, бүтэлтэй бүтэлгүйгээр нь дууддаг гэмтэй улс. Энэ маш аюултай сэдэв шүү. Ойрын төрлийг нь дайрснаар та нөхрийгөө давхар доромжилж байгаагаа ойлгоорой. Өөрийн удам угсааг хамгаалж зөвтгөхийн тулд нөхөр чинь түрэмгий авирлаж болно шүү.
Хоёр. Өөр эрийг үлгэр жишээ болго
Бүтэл муутайхан нөхрөө засч залруулахын тулд эмэгтэйчүүд ийм арга хэрэглэх нь бий. Гэвч энэ бол үр дүнтэй арга биш. Харьцуулж зүйрлүүлэхэд эрчүүд тун таагүй хүлээж авдаг. Нөхрөө дутуу үнэлж байгаа нь одоо биш юм гэхэд хэзээ нэгэн цагт ар хударгаар тавина гэсэн бодол түүнд төрүүлж, уурлаж бачимдахад хүргэдэг.
Гурав. Сексийн чадавхийг нь гоочилж, егөөд
Эр хүн даван туулахад маш эмзэг сэдэв. Мөн гомосекс харьцаанд сэжиглэх. Тэвчишгүй зүйл. Нөхрийнхөө гадаад болон биемахбодийн өө сэвийг гоочилно гэдэг өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй, доош хийж байгаатай утга нэг. Сэтгэлзүйн хүнд цохилт. Үүнийг тайван хүлээж авдаг эр хүн бараг байхгүй. Сэтгэл гутралд нөлөөлөхөөс гадна доромжилсон эмэгтэй, эхнэрээс санаанд оромгүй өшөө авах нь бий.
Дөрөв. Найз бүсгүйчүүддээ түүний дутагдлыг хэл
Эмэгтэйчүүдийн хувьд найз хүүхнүүдтэйгээ нууцлаг сэдэв ярих дуртай байдаг. Гэхдээ үүнийг нууцлаг байдал бүрэн хангагдсан тохиолдолд ярьж байгаарай. Хэрэв нөхөр тань өөрийнх нь тухай, ялангуяа сексийн талын асуудлыг бусад хүмүүс (эр, эм ч бай) мэдсэн байвал маш их уурлана шүү. Ер нь ор хөнжлийн асуудал нууц байх ёстойг санаарай.
Тав. Өгсөн бэлгийг нь үл тоомсорло
Эр хүний хувьд хамгийн тэвчишгүй доромжлол. Тэрээр бэлгийн сонголт хийх гэж багагүй чармайлт гаргасан нь тодорхой. Гэтэл хайртай хүүхэн нь бэлгийг нь чамлах, өө сэв хайх, сүрчигнийх нь үнэр таалагдахгүй байна гэх мэтчилэн тоомжиргүй хандах нь эр хүнийг маш их бачимдуулдаг. Тиймээс таныг гэж сэтгэл зүрхнээсээ сонгосон бэлгийг нь тоомжиргүй хүлээн авах нь наад зах нь бүдүүлэг зан авир болно.
Зургаа. Найз нөхдийг нь үл тоомсорло
“Чиний найз нөхөд гэж ямар юм байсан юм? Дандаа арчаагүй, азгүй юмнууд” гэх мэтээр эмэгтэйчүүд хэлэх дуртай. Ингэж хэлснээр нөхөр тань найзуудаасаа бус харин танаас зайгаа барих болно. Тэгвэл худал үнэн янз бүрийн аргаар орой үдэш алга болох, архи дарс эргүүлэх гэхчилэн тааламжгүй нөхцөл байдал үүсэх магадлалтай.
Долоо. Өөрийгөө хардуул
Зарим эмэгтэй нөхрийнхөө сонирхлыг татахын тулд ч юм уу өөрийгөө хардуулах гээд байдаг. Зохистой, зохисгүй янз бүрийн байдал гаргах нь эр хүнийг үнэхээр цухалдуулдаг. Таны нөлөөгөөр өөрөө ч бусад эмэгтэйг эргүүлж болзошгүй. Хэрэв танд хардуулах шаардлага байвал тунгийг нь бүү хэтрүүл. Аливаа зүйл хэмжээнээс халихаар утгагүй болдог шүү дээ. Мөн та хоёрын хооронд үл итгэлцэл үүснэ.
Найм. Энэ өдрийг хаана яаж өнгөрөөв гэж шалгаа
Ажлаасаа ядарч ирсэн нөхрөө тайван байлга. Босго алхмагц л өмнөөс баахан юм асууж шалгаагаад байвал эр хүний тэвчээр барагдана шүү. Эмэгтэй хүнд харьцах, ярьж байх шаардлагатай нь ойлгомжтой. Гэхдээ ажлаас ирэхэд айвуу тайван хооллох, цаг хэртэй амрахад нь боломж олго. Аяндаа өөрөө ярина.
/Хань/ сонин