2011-8-11
Магадгүй, би буруутай


Түүний ааш өдрөөс өдөрт муухай болоод байна. Тэгээд бас гэрийнхээ бүх амьдралыг ээждээ очоод хэлчих юм. Ээж нь хүүгийнхээ ярьсан хэлсэн болгоноор үг хийн надад байнга зааварладаг.  Хэрэв  хүүхэдгүй байсан бол бид хэдийнэ салчих байсан биз. Хоёр ихэр хүү минь манай гэр бүлийг тогтоон барьж байна даа.
 
Үнэнийг хэлэхэд би оюутан болсныхоо дараахан өөрөөсөө хэд ах, эхнэртэй хүнд сэтгэл алдарч, өөр хүнийг харах ч сөхөөгүй явдаг байж билээ. Түүнтэй голдуу бямба гаригт зочид буудалд уулздаг байсан. Тэр эхнэр хүүхдээ орхиж надтай сууна гэж ярьдагсан.  Нэг өдөр мөнөөх эрийн эхнэр нь сургууль дээр ирж бөөн шуугиан дэгдээлээ.
 
Тэгэхэд нэг залуу хажууд ирчихсэн бидний яриаг бүгдийг нь сонсож, тэр ч байтугай танихгүй эмэгтэйгээс намайг өмөөрсөн юм. Юу гэж хэлэхээ мэдэхгүй сандарч  зогссон надад  энэ залуу уул шиг түшигтэй санагдаж  билээ.Түүнийг байсан  болохоор л нөгөө эмэгтэй биеэ барьж, нэг юм явсан биз.
 
Энэ явдлын дараа бид танилцаж үерхсэн юм. Залуугийн хөгжилтэй яриа хөөрөө, энгийн даруу байдалд татагдсаар нэг л мэдэхэд түүнтэй дотносож, гэрлэсэн. Харамсалтай нь энэ гэрлэлт надад жаргал авчирсангүй. Бидэнд дутагдаж гачигдах зүйл байгаагүй. Манай гэрийнхэн бидэнд байр авч өгсөн. Хадам ээж хүүхдүүдийг минь хардаг. Хоёулаа боломжийн ажил хийдэг болохоор мөнгө хүрэлцээтэй байдаг.
 
Гэвч амьдралдаа сэтгэл дундуур байна.  Миний хийсэн хоол, авч өгсөн хувцас, угааж индүүдсэн зүйл түүний санаанд нийцдэггүй. Нөхөр минь намайг байнга шүүмжилдэг. Угаасаа би хэрэлдэх дургүй болохоороо өөдөөс нь юу ч хэлдэггүй. Түүнийг амралтын өдрүүдэд өөр хүүхэнтэй зугаалдаг  гэдгийг мэднэ. Тэгэхдээ зугаацдаг хүүхнүүдээ ч байнга сольдог.  Тэр “Эр хүн хэчнээн удаа ч зугаалж болно.
 
Харин эхнэрээсээ салж л болохгүй” гэж хэлэх дуртай.  Нөхрийнхөө хүйтэн хөндий байдлаас залхаж гүйцээд байна. Нэг өглөө тэр миний талх зүсэх гээд барьж байсан хутгыг авах гэж байгаад гарыг минь зүсэж орхиж билээ. Цус гарч байгааг харсан мөртлөө юу ч хэлэхгүй, нөгөө хутгаараа талхаа зүсээд зогсож байлаа.  Санаандгүй явдал хэдий ч ямар нэгэн юм хэлж болно доо. Манай хүн ажлаасаа хэзээ тарахаа, хэдийд гэртээ ирэхээ хэлэхээ болиод удлаа.  Нөхрийнхөө урьд шөнө  “Чи бид хоёр орондоо байхдаа л бие биеэ сайн ойлгох юм.  
 
Өөр эмэгтэйгээс ийм таашаал авдаггүй. Би долоо хоног бүр чамаас өөр хэн нэгэнтэй загас наадуулдаг. Гэхдээ чи л илүү санагдаад байдаг юм. Анхны эр чинь чамд сайн “багшилсан” бололтой. Чи ч гэсэн өөр хүнтэй зугаалаад үз. Надтай харьцуулахгүй  юу. Одоо байгаагаасаа арай өөрөөр, сонирхолтой амьдрах гэж оролд л доо” гэж хэлсэнийг санахаас толгой өвдөх юм. Бурхан минь, ямар эрээ цээргүй яриа вэ.
 
Би түүний хууль ёсны эхнэр, хүүхдүүдийнх нь эх шүү дээ. Яаж ингэж хэлж чадаж байна аа.  Өглөө тэр юу ч болоогүй юм шиг цайгаа тухтай нь аргагүй уучихаад гараад явсан. Түүний нуруунд нэг сорви байдаг юм. Тэрнийгээ анхны бүсгүйгээ танхай этгээдүүдээс хамгаалж зодолдоод хутгалуулснаас үлдсэн сорви гэж надад ярьж билээ. Би түүний энэ сорвийг санаад бусдын төлөө өөрийгөө зориулахаас буцдаггүй байсан хүн одоо яагаад ийм болчихов. Надтай анх танилцахдаа ч намайг бусдаас өмөөрч байсан шүү дээ.
 
Гэтэл одоо хэлж байгаа үг, үйлдэл бүр нь гайхаш төрүүлэх юм. Эсвэл намайг зориуд цаашлуулаад байгаа юм уу. Үүнд арай би буруутай юм биш байгаа. Магадгүй..
source; mongolnews.mn


Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 12:18 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant