2011-8-12
Эмчийн найз

Зөөлөн бороо шивэрнэ. Нүүрэн дээр буусан борооны дусал нулимстай минь холилдож урсана. Нулимсаа арчих ч хүсэл алга. Борооны энэ дусалтай цуг миний нүгэл урсаж алга болдог бол сайхан л байна. Харамсалтай нь, өнгөрсөн бүхнийг хэн ч эргүүлж чадахгүй. Уг нь би муу хүн биш. Буруу сонголт хийснээсээ болоод хувийн амьдралаа цэгцэлж чадаагүй ч мэргэжил боловсролтой, гайгүй ажил хийдэг хаана ч байдаг жирийн нэг эмэгтэй. Харин найз нөхөд минь намайг хүнтэй суу гэдэг юм. Ээж  эгч хоёр маань хүртэл  хааяа намайг уурлахаар “Ямар муухай ааштай юм бэ. Чи хүнтэй суудаггүй юм бол ядаж хүүхэд гаргаач. Тэгвэл арай дээрдэх байлгүй ” гэж үглэдэг. Тэдний үглэх ч яахав, улиг болсон зүйл.
 
Одоо харин эртхэн гэрлэхгүй яав даа гэж өөрийгээ зүхэж байна. Тэгсэн бол тэрүүнтэй учирч ийм байдалд орохгүй байсан биз. Бас тэр хүн намайг ийм байдалд оруулчихаад өөрөө зөв зүгээр явж байгааг бодохоос уур хүрч байна. Тээр жилийн зун би оюутны амралтаа өвөөгийндөө өнгөрүүлж билээ. Өвөөгийнх маань чөдрийн ганц морьтой бас хэдэн хоньтой, гурван үнээтэй айл байсан юм. Эмээ маань үнээнийхээ сүүг зардаг байсан болохоор манай өвөөгийнхөөс надаас арваад насаар ах, хоёр хүүхэдтэй нэг залуу ирж сүү авдаг байлаа.
 
Тэр заримдаа өвөөгийнд өлгийтэй хүүхдээ тэвэрчихсэн, хоёр ойтой хүүгээ хөтөлчихсөн ирдэг байж билээ. Өргөн шанаатай, ханхар цээжтэй, өндөр нуруутай, хууз тэр залуу намайг тоож ч харсангүй. Гэхдээ түүний төрхийг би сэтгэлдээ тодоос тод хадгалсан юм. Хэдэн жилийн дараа би сургуулиа төгсөж эмэгтэйчүүдийн эмч болж, аавынхаа танилын хувийн эмнэлэгт орж ажиллав. Эхлээд сувилагч, дараа нь эмч, бүүр сүүлд нь эмнэлэгийн орлогч болов. Дараа нь мэргэжлийнхээ дагуу гадаадад суралцаад эргэж ирээд өмнөх ажилдаа орсон юм. Нэг өдөр ерөнхий эмч намайг дуудаад, “Манай багын найзын үерхдэг бүсгүй  хөл хүндтэй болчихож. Гэхдээ бүсгүй  хүүхдээ гаргах хүсэлгүй байна.
 
Чи уулзаж ярилцаач” гэв. Би тэр бүсгүйг хүүхдийг нь гаргуулах гэж хичнээн ятгасан ч нэмэр болсонгүй. Ерөнхий эмч маань өөрөө хагалгааг гардан хийлээ. Гэтэл  зургаан сарын дараа нөгөө бүсгүй дахиад манай эмнэлэгт өмнөх асуудлаараа ирэв. Энэ удаа хагалгааг би хийлээ. Би биеэ барьж тэвчилгүй бүсгүйг уурлан загнаж, үр хөндөлтийн хор хохиролын талаар урт лекц уншлаа. Бүсгүй ч  гэмшсэн бололтой удтал уйлав.
 
Дараа нь түүнийг аргадаж, дахин ийм зүйл хийхгүй байхыг хүсээд явууллаа. Тэгэхэд манай ерөнхий эмчийн өрөөнөөс гарч ирсэн нэг залууг хараад би зогтусав. Манай өвөөгийнхөөс сүү авдаг байсан тэр намайг таньсан эсэхийг мэдэхгүй, юутай ч толгой дохиод цааш эргэлээ. Төд удалгүй ерөнхий эмчийг эзгүйд тэр надтай уулзах гэж манай эмнэлэг дээр ирэв. Эхнэр нь хөл хүндтэй болсон аж. Гэхдээ эмч элэг муутай эхнэрийг нь энэ хүүхдээ гаргасаны хэрэггүй гэж хэлжээ. Ерөнхий эмчийг орлож байсан болохоор эмчийн дээрх зөвлөгөө, эмнэлэгийн шинжилгээг үндэслэн эцсийн шийдвэрийг би гаргалаа. Энэ явдлаас хойш тэр надтай ойр ойрхон уулздаг болж, улмаар бид салж хагацахаа байв. Дөрвөн хүүхэдтэй энэ хүнийг эхнэрээсээ хэзээ ч салахгүй гэдгийг нь мэддэг мөртлөө, түүний дуудсан газарт нь очиж уулзан, хүссэн бүхнийг нь биелүүлдэг байсан. Уг нь би оюутан байхдаа танилцсан нэг залуутайгаа суудаг ч юм билүү гэж бодож явсан юм.
 
Гэхдээ эхнэртэй эрд толгойгоо мэдүүлсэн би олон жил намайг хайрласан хүнээ орхилоо. Нууц амрагийнхаа янаг халуун үнсэлт, тэврэлтэд шунаж, найз залуугаа гомдоон, эхнэрийгээ нь хуурч суух нь миний жаргал байсныг нуух юун. Өчигдөр манай эмнэлэг дээр миний дээр өгүүлж байсан бүсгүй ирлээ.
 
Тэр нөгөө нууц амрагаасаа дахиад хүүхэдтэй болчихсон гэнэ. Гэхдээ хүүхдээ гаргах гэсэн чинь цаадах нь зөвшөөрөөгүй төдийгүй ингэж хэлснийх нь төлөө түүнийг хөх няц болтол нь зоджээ.  Би түүнийг хэчнээн өрөвдсөн ч эмч, эмэгтэй хүнийхээ хувьд, тэр хүүхэнд гурав дахь удаагаа үр хөндүүлэхийг зөвшөөрч чадсангүй.
 
“Та урьд өмнө хүүхэд гаргаж байгаагүй мөртлөө ингэж олон удаа үр хөндүүлээд үүрд үргүй болж болзошгүй тул өөрт чинь ямар нэгэн тус хүргэж чадахгүй нь дээ” гэж намайг хэлэхэд хөөрхий эмэгтэй уйлж, уйлж явав. Тэгтэл ерөнхий эмч намайг өрөөндөө дуудаж, түрүүний хүүхэн миний нууц амрагтай дотно харилцаатай байдгийг хэллээ. Манай эмч тэр бид хоёрын талаар хэдхэн хоногийн өмнө мэдсэн аж. Миний хайртай хүн эмчийн маань багын найз нь юм байна. Тэр надаас гадна хоёр ч хүүхэнтэй амрагийн холбоотой байдаг аж. “Би чиний амьдралыг бодсондоо хэлж байна.
 
Цаадахаасаа харилцаагаа тасла гэсэн эмчдээ юу гэж хэлж, өрөөнөөс нь гарсанаа санахгүй байна. Шорвог гашуун нулимс хацар даган урсаар... Тэр эхнэрээ хуурч мэхлээд зогсохгүй нууц амрагаа хүртэл гомдоож. Надад анхны харцаар дурласан гэдэг нь ч худал. Тиймээ, тэр нүгэлтэн. Би ч түүнээс дутахгүй нүгэлтэн. Бороо зогсох янзгүй. Нулимс ч урссаар.
source: mongolnews.mn
Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 02:55 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant