2009-11-10
Та өдөрт хэдий хэмжээний ус уух хэрэгтэйгээ мэдэх үү?


Хэр хэмжээний усыг өдөр бүр уух ёстой юм бол? Энэ асуултад шуудхан хариулахад хэцүү. Учир нь хувь хүний эрүүл мэнд, амьдарч буй орчин, биеийн хүчний ажил эрхэлж буй байдал гээд олон хүчин зүйлээс хамаарна.
Хэдийгээр бүгдэд тохирох томъёолол байхгүй ч өдөр тутам хэрэглэх ундны усны хэрэгцээгээ тогтооход тус болох мэдээллийг хүргэе.


Усны ач тус

Биеийн нийт жингийн жаран хувь нь ус байдаг бөгөөд организмд агуулагдаж буй ус нь химийн гол үйлчлэлийг зохицуулах үүрэгтэй байдаг. Тухайлбал, ус нь бие эрхтэнүүдээс хорт бодисыг гадагшлуулдаг бол харин эд эсүүдэд тэжээлийн бодисыг түгээн чих, хамар, хоолойг чийгшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Ус, шингэний дутагдал нь давс усны тэнцвэрийг алдагдуулахаас гадна хүндэрсэн тохиолдолд амь насанд ч аюул учруулдаг.

Хэр хэмжээний ус хэрэгтэй вэ?

Хүн өдөр бүр амьсгал, хөлс болон шээсээрээ их хэмжээний ус чийгийг гадагшлуулж байдаг. Харин алдсан усыг хоол хүнс, ундаараа нөхөж нөөцөлдөг юм. Сэрүүн бүсийн цаг ууртай газар амьдардаг насанд хүрсэн эрүүл хүний усны дундаж хэрэгцээ ямар байх ёстой юм бол.

Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар1,5 литр шээс ялгаруулдаг бол нэг литр хэртэй шингэнийг амьсгал болон хөлсөөрөө гадагш алддаг байна. Гаднаас авч буй шингэний хорин хувь нь хоол хүнсээр дамждаг. Иймээс өдөрт ус болон бусад төрлийн шингэнээс хоёр литрийг ууж байвал алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна. Өөрөөр хэлбэл өдөр бүр найман аяга шингэн ууна гэсэн үг юм.

Судалгаагаар эрэгтэй хүн өдөрт дунджаар гурван литр ус буюу 13 аяга шингэн уух хэрэгтэй бол харин эмэгтэй хүн 2,2 литр буюу есөн аяга ус уух шаардлагатай. Хэрвээ хаяа нэг ам их цангахыг эс тооцвол энэ нь хангалттай хэмжээ бөгөөд энэ тохиолдолд өдөрт нэгээс хоёр литр шээс ялгаруулж байх ёстой юм байна.

Ундны хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Гэхдээ дээрх хэмжээ нь таны эрүүл мэндийн байдал, цаг уур, биеийн хүчний ачаалал, жирэмсэн хөхүүл хүүхэдтэй эсэхээс шалтгаалан өөрчлөгддөг.

Биеийн хүчний дасгал

Та спортоор хэр их хичээллэнэ төдий хэмжээгээр шингэн шаардана. Хөнгөн дасгал хийх үед хэвийн хэмжээнээс нэгээс хоёр аяга ус нэмж уудаг бол цагаас илүү хугацаагаар дасгал, сургуулилт хийхэд /тухайлбал, марафон гүйлт/ шингэний хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Ийм үед хоёроос гурван аяга ус уухад алдсан шингэнийг хангалттай нөхөж чадна.

Урт хугацааны эрчимтэй дасгал сургуулилтын үед натри агуулсан тусгай зориулалтын ундааг уух шаардлагатай байдаг. Дасгал хийсний дараа ч ус уух хэрэгтэй. Ингэхдээ биеийн жингийн нэг фунтэд / фунт нь 16 унцтэй тэнцэнэ/ 16 унц шингэн оногдох ёстой юм. / нэг унц нь 28 грамм /

Байгаль орчин

Халуун, чийглэг цаг ууртай газар, хөлс ялгаруулалт их байдаг тул жирийн үеэс их шингэн хэрэглэдэг. Хүйтэн цаг ууртай газар нутагт хүний бие организм амьсгалаар авсан хүйтэн агаарыг халаан эргэж гадагшлуулахдаа их хэмжээний чийгийг алддаг. Мөн далайн түвшнээс дээш 2,500 метрийн өндөрт шээс ялгаруулалт нэмэгдэж, амьсгалын тоо ч олширдог тул шингэний алдагдал улам бүр нэмэгддэг.


Эрүүл мэндийн байдал

Халуурах, бөөлжих үед хүний бие организм хэвийн үеийнхээс илүү их шингэн алддаг. Энэ тохиолдолд ус их уух шаардлагатай.

Давсагны үрэвсэл эсвэл шээс гадагшлуулах замын чулуужилтын үед нэмэлт шингэн ихээр уух хэрэгтэй болдог. Харин зарим төрлийн бөөр, элэгний өвчин, бөөрний булчирхайн үрэвсэл, зүрхний дутгадлын үед шээс ялгаруулалт багасдаг тул шингэний хэрэглээг хязгаарлах ёстой.


Жирэмсэн ба хөхүүл хүүхэдтэй үед
Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй тохиолдолд шингэний дутагдалд орохгүйн тулд нэмэлт ус уух хэрэгтэй. Ялангуяа та хөхүүл хүүхэдтэй бол бүр ч их ус уух шаардлагатай байдаг.

Мэргэжилтнүүд жирэмсэн эмэгтэйг өдөрт 2,4 литр харин хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг гурван литр ус уух хэрэгтэй гэж үздэг байна.

Усны бусад эх үүсвэр

Гэхдээ шингэний дутагдалд орохгүйн тулд зөвхөн ус л уух хэрэгтэй гэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Хүний бие организм хоол хүнсээрээ дамжуулан багагүй шингэнийг авдаг. Гаднаас авч буй нийт шингэний хорин хувийг хоол хүнсээр, үлдсэн наян хувийг ус болон бусад төрлийн шингэнээр дамжуулж авч байдаг.

Тухайлбал, тарвас, өргөст хэмх зэрэг олон ногоо жимс нь зуун хувь ус агуулдаг. Мөн сүү, жимсний шүүс зэрэг нь ихээхэн хэмжээний ус агуулдаг ч цэвэр ус нь өдөр тутмцын хэрэглээнд хамгийн тохиромжтой байдаг.

Бичсэн: Гоо сайхан ертөнцийг аварна | цаг: 09:30 | Хоол тэжээл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant